Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 

1.    Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн дагуу “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг хэлэлцэж батлав.

2.    “Иргэний зориг ногоон намын дүрмийн 14.5.2, 22.1.16, 27.4, 28.5-д тус тус нэмэлт өөрчлөлт оруулсныг болон намын даргаар Б.Батбаатар сонгогдсоныг бүртгүүлэх тухай” Б.Батбаатарын өргөдлийг хэлэлцээд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв. Иргэний зориг ногоон намын дүрэмд зааснаар Үндэсний хороог сонгож байгуулах болон намын даргыг сонгох, чөлөөлөх эрх нь намын Их хурлын бүрэн эрхэд хадгалагдаж байх тул 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хуралдсан гэх Үндэсний хорооны хуралдаанаас тус хорооны хурлын гишүүдийн бүртгэлд өөрчлөлт оруулж, 103 байхаар баталсан болон уг хороо нь мөн өдрийн хуралдаанаар намын даргыг томилсон нь тус намын дүрмийн заалттай нийцэхгүй гэж үзлээ.

3.    Монголын либерал нам (МЛН)-ын дарга Э.Оргилын ирүүлсэн “... тус нам нь 2023 оны өдрийн 4 дүгээр сарын 23-ны өдрийн намын ээлжит 8 дугаар Их хурлаар оноосон нэрээ “Ардчилсан монгол ялна нам” болгон өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” өргөдлийг хэлэлцээд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, өргөдөл, түүнд хавсаргасан баримтыг буцаахаар шийдвэрлэв.

4.    Иргэний хөдөлгөөний намын дарга гэх Ө.Баяраагийн ирүүлсэн “Намын дарга болон хаягийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” өргөдлийг хэлэлцэж, тус намын дүрмийн гуравдугаар бүлгийн 1 дүгээр зүйлийн 1.5-д заасан үндэслэлээр ээлжит бус Иргэний Их Чуулганыг хуралдуулаагүй гэж үзэн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзлаа.

5.    Монголын Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Анхбаяраас ирүүлсэн “... намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх” тухай өргөдлийг хэлэлцээд нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, улсын бүртгэлд бүртгэв.

6.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг албан ёсоор тайлбарлах тухай Захиргааны хэргийн танхимын саналыг хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 18.3.1, 18.3.2, 52 дугаар зүйлийн 52.5.3, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5, 83 дугаар зүйлийн 83.1, 106 дугаар зүйлийн 106.3.5, 106.5 дахь заалтуудын зарим хэсгийг тус тус зөв хэрэглэх талаар албан ёсоор тайлбарлаж, тогтоол баталлаа.

7.    Шүүх хуралдааны дэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдэлд хариуцлага хүлээлгэх журмын талаар албан ёсны тайлбар гаргах тухай Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны саналыг хэлэлцээд тайлбарын төсөл боловсруулах зөвшөөрөл олгож, Захиргаа, Иргэн, Эрүүгийн хэргийн танхимын шүүгчдээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулав. 

8.    Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр хүргүүлэх, гардуулах ажиллагааг зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх тухай албан ёсны тайлбарын төслийг хэлэлцээд зарим асуудлаар нэмж судалгаа хийх шаардлагатай тул хойшлууллаа. 

9.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арванзургадугаар бүлгийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг үe шаттайгаар гаргахаар тогтсон бөгөөд энэ удаад тус хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Эд мөрийн баримт" гэсэн ойлголт, түүнийг нотлох ажиллагаанд оновчтой зөв хэрэглэх талаар албан ёсоор тайлбарлаж, тогтоол батлав.

10.   Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасан Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн иргэдээс нэг нь нэрээ татаж, гурван нэр дэвшигчээс хэн нь ч олонхын санал аваагүй тул Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх асуудлыг зохих журмын дагуу нээлттэй зарлаж хэлэлцэхээр тогтов.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг сугалаагаар томилох журмын холбогдох заалтад өөрчлөлт орууллаа.