Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкт айлчлах гэнэ. Ойрын үед явах ажээ. Айлчлалтай холбоотой “шар улс төр” бишгүй л явж байгаа харагдана. Гэхдээ энэ нь Монголдоо юм л даа.

Тэрнээс биш хаана хаанаа ичмээр хэрүүл хэдэн өдөр үргэлжиллээ. Ерөөс айлчлалыг өгөөш болгон шидэж байгаа нь ч, үмхэж аваад “ярилцаж” байгаанууд нь ч “Бид юу ярьж байна вэ” гэдгийг бодох учиртай юм. Ер нь “шар улс төр”-ийн сэдэв мөн үү, биш үү. Яагаад гэхээр тэнд Ардын нам, Ардчилсан намын бус, цаашлаад хэн нэгэн улстөрчийн талаар яригдахгүй. Улсын асуудлыг хэлэлцэнэ. Угаасаа аль ч улсад хийж буй Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын айлчлал ийм л байдаг. Тэр тусмаа Л.Оюун-Эрдэнийн одоо хийх айлчлал нь ковидын дараах дэлхийн өөрчлөлтийн үед бид арай өөрөөр харах ёстой. Өөрөөр хэлбэл, айлчлалаар юу ярих нь вэ гэдгийг илүү анхаарах хэрэгтэй юм. Бид энэ талаас нь анхаарлаа.

 

“Америк хэн бэ” гэдгийг ярих нь илүүц. Энэ улстай манай 1987 оны нэгдүгээр сарын 27-нд Дипломат харилцаа тогтоожээ. 36 жил болж байна. Тэр өдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд сууж байсан Байнгын төлөөлөгч Г.Нямдоо, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жорж Шульц нар Дипломат харилцаа тогтоох тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Жилийн дараа Улаанбаатарт Америкийн ЭСЯ, дахиад нэг жилийн дараа Вашингтонд Монголын ЭСЯ нээгдэж байсан байна.

 

Гэхдээ хоёр улсын хоёр орны харилцааны түүхийг “Дор хаяад 130 жилийн өмнөөс эхтэй” гэдгийг түүх, архивын баримт сэлт нотолдог. Өнгөрсөн зууны эхээр Богд хааны Засгийн газраас Орос, Хятад дахь ЭСЯ-аар нь дамжуулж харилцаа тогтоох санал тавьж байжээ. Харин сүүлд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол, Америк хоёр нь гуравдагч хөршийн бодлогод суурилсан ардчиллын үнэт зүйлс, сайн засаглал, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурласан стратегийн харилцаатай гэдэг. Америк нь 2019 онд Монгол Улсын Стратегийн түншлэл бүхий тав дахь улс болжээ. Тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалаар үүнийг баталгаажуулан шийдэж байжээ.

 

Өнөөдөр Монголын ГХЯ, Америкийн Төрийн департаментын хооронд жил бүр зөвлөлдөх уулзалтыг хийдэг болсон. Уулзалтаар бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар байр сууриа солилцож, ойрын хугацааны зорилтуудыг хэлэлцдэг. Энэ үр дүнтэй хэмээн хоёр тал дүгнэдэг байна.

 

Харилцан айлчлалын тухайд манайхаас 1990 онд Монгол Улсын анхны Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, 1991 онд Ерөнхийлөгч П.Очирбат, 1996 онд Ерөнхийлөгч П.Очирбат, 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулга айлчилж байв. Харин Америкийн талаас 1944 онд дэд ерөнхийлөгч Хенри Эгард Уоллес, 1990, 1991 онд Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер, 1995 онд тэргүүн хатагтай Хиллари Клинтон, 1998 онд Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт, 2005 онд ерөнхийлөгч Жорж Буш, 2011 онд дэд ерөнхийлөгч Жо Байден, 2012 онд Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, 2016 онд Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, 2019 онд Батлан хамгаалахын сайд Марк Эспер, 2019 онд Төрийн нарийн бичгийн даргын туслах Маниша Сингх, 2021 онд Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шерман нар айлчилжээ.

 

Түүхийн хувьд дэд ерөнхийлөгч Хенри Эгард Уоллесийн 1944 онд Монголд хийсэн айлчлалыг онцолдог юм байна. Хенри Эгард Уоллесийг Оросын харьяанд гэж хэлэхүйц статустай байсан тухайн үеийн Монголд хүрэлцэн ирэхэд Х.Чойбалсан өөрөө онгоцны буудал дээр тосч авч байжээ. Хамгийн гол нь энэ айлчлалын дүнд америкчууд Монголын тухай ойлголттой болох томоохон хувь нэмэр оруулсан гэж үздэг юм байна.

 

Хенри Эгард Уоллес хожим Монголын тухай “Гадаад Монголд эрүүл мэндийн дэвшил, цэргийн бэлэн байдал, үндэсний ухааны хангалттай баталгаа байна. Зөвлөлтийн нөлөө их нь эргэлзээгүй боловч улс төр, засаг захиргааны хяналт чадварлаг монгол хүмүүсийн гарт байна. Хятадын нөлөөлөл дахин сэргэх нь бодит бус зүйл гэж харж байна. Харин дайны дараа магадгүй, Өвөр Монголтой нэгдэх тухай ухуулга гарч болох юм” хэмээн бичсэн байдаг ажээ. Монгол, Америкийн харилцааны түүх маш товчоор ийм юм.

 

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Америк дахь айлчлалын үеэр, хоёр улсын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг хүмүүнлэг, бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг хүрээнд яриа хэлэлцээ өрнөх бололтой. Тэрбээр таван чиглэлээр санал солилцож, тодорхой үр дшн гаргачих амбицтай байгаа юм байна.

 

Тодруулбал, айлчлалын үеэр нэгдүгээрт, хоёр улсын сансрын хамтын ажиллагааны боломж, бололцооны талаар ярилцах ажээ. Сүүлийн үед дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй экологийн тэнцвэрт байдал алдагдаж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ойртох болсон. Энэ чиглэлийн нарийвчилсан судалгааг сансрын технологитой хослуулан хийх, нөхцөл байдлын үнэлгээг олон жилийн тоон мэдээлэл дээр үндэслэн гаргах, болзошгүй эрсдэлийг урьдчилан таамаглах зэрэг шаардлагууд бидэнд тулгарсан байна. Тиймээс манай улс судалгааны ажлууд дээр НАСА-гийн дэмжлэгийг авч ажиллахаар ярьж, харилцан санал солилцож эхлээд байгаа юм.

 

Хоёрдугаарт, Монгол, Америкийн хооронд шууд нислэг эхлүүлэх талаар ярих юм байна. Ингэснээр иргэд хоорондын солилцоо, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хамын ажилагааг хөжгүүлэх, хоёр талын худалдааны эргэлтийг эрс нэмэгдүүлэх боломж, бололцоотой гэж манай тал үзэж буй ажээ. Шууд нислэгийн талаар 2021 оноос ярьж эхэлсэн. Үүний тулд хоёр улс эхлээд нээлттэй агаарын харилцааны гэрээгээ хийх ёстой. Гэхдээ энэ гэрээг хийх, хоёр орны хооронд хүн, ачаа тээвэрлэхийн тулд олон стандарт, шаардлагуудыг хангах ёстой юм байна.

 

Ерөнхий сайдын санал тавих гурав дахь асуудал нь англи хэлний багш нарыг бэлтгэхэд хамтран ажиллах санал тавихаар зэхжээ. УИХ-ын хаврын чуулганаар боловсролын багц хуулийг шинэчлэн баталсан. Үүгээр нилээд хэл ам дунд сургалтын үндсэн гадаад хэлийг англи хэл байхаар заасан. Тэгэхээр англи хэлний багш нарыг бэлтгэх, сургах нь чухал болсон хэрэг.

 

Түүнчлэн дөрөвдүгээрт, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт Америкаас бодлогын хөрөнгө оруулалт татах, томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцох юм байна. Ер нь бол “Америктай эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэх, тэндээс томоохон хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн засгийн сонирхлыг нь Монголд бий болгох нь манай улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой” гэдгийг гадаад харилцааны мэргэжилтнүүд хэлдэг. Тэгээд ч манай улсыг Дэлхийн Банк, ОУВС, АХБ гээд олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээл авах, түүний нөхцөлийг тохироход Америк тодорхой дэмжлэг, туслалцаа үзүүлдэг. Ингэж байж сая амжилтад хүрдэг. Хэдийгээр энэ нь шууд бус ч манай эдийн засагт үзүүлж буй дэмжлэг гэдгийг бас хэлдэг. Тэгэхээр томоохон төсөл хэрэгжүүлэхдээ зөвхөн богино хугацааны бизнесийн ашгийг бус, урт хугацааны стратегийн ач холбогдлыг харгалзан Америкийн компаниудыг төр, засгийн зүгээс бодлогоор дэмжих үүргийг ч бид хүлээнэ гэсэн үг.

 

Хамгийн сүүлд, сайн засаглалыг хөгжүүлэх, авлигатай тэмцэх чиглэлд үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллах Ерөнхий сайдын тав дахь санал бас яригдаж таарахаар байна. Түүнчлэн өнгөрсөн хавар Вашингтонд болсон Монгол Америкийн Эдийн засгийн бодлогын дөрөв дэх удаагийн зөвлөлдөх уулзалтаар энэ айлчлалын талаар ярьжээ.

 

Тэндээс гаргасан хамтарсан мэдэгдэлд “Хоёр тал дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт болон стратегийн яриа хэлэлцээг 2023 онд Вашингтон хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн” гээд “Эдийн засгийн сорилтыг даван туулах хамтын ажиллагааны талаар талууд харилцан санал солилцож, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг гүнзгийрүүлэх боломжийг судлан, өндөр ач холбогдол бүхий эрдэс баялаг, цэвэр эрчим хүч болон цахим эдийн засаг зэрэг голлох салбарт хамтран ажиллахаар тохиролцов. Монгол Америкийн хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт болон стратегийн яриа хэлэлцээг 2023 онд Вашингтон хотноо зохион байгуулахаар шийдвэрлэв” гэсэн юм.

Ө.БААСТ