Монголын улс төрийн хоёр том нам болох МАН, АН-ын энэ зуны улс төр, үйл ажиллагаа эсрэг тэсрэг өрнөж байна. Зуун жилийн түүхтэй МАН-ын хувьд зуун жилийн ойгоо тэмдэглэж буй аймаг, сумдын наадам, найр хэсээд тун чиг завгүй явна. Харин гуч гаруй жилийн түүхтэй Ардчилсан намынхан бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлэх гээд хөл хөдөлгөөн ихтэйгээр зуныг өнгөрүүлж байна. Тус намын хувьд 2016 оноос хойш дотоод дахь зөрчилдөөн, олон талт фракц бүлэглэлийнх нь зодоон ширүүсч улс төрийн хүчний хувьд гүн хямралд орсон. Ёстой унаж болох хамгийн доод цэгтээ хүрээд өдгөө босч ирж буй. Товчхондоо өнгөрсөн гурван жил Ардчилсан нам сэхээн амьдруулахад ухаангүй байлаа. Харин одоо ухаан орж, бүр босч, зогсон хөдөлгөөн хийдэг болсон байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Улсын дээд шүүх Ардчилсан намын даргаар Лу.Гантөмөрийг бүртгэн авсан. Ингэснээр тамга, гэрчилгээний олон жилийн маргаан хуулийн хүрээнд дуусгавар болсон байсан. Асуудал хуулийн хүрээнд маргаангүй болсон ч нам доторх бүтэц, томилгоо цэгцэндээ оролгүй олон сар өнгөрлөө. Лу.Гантөмөр даргаар сонгогдсоноос хойш ямар баг бүрдүүлэн ажиллах бол гэсэн хүлээлт намын гишүүд дэмжигчдээс авахуулаад жирийн иргэдийн хувьд анхаарах, хүлээх сэдэв болсон.

Түүний хувьд дарга болоод долоон сар хэдийнэ өнгөрч. Гэвч энэ хугацаанд тэрбээр нам доторх томилгооны асуудлыг хөндсөнгүй, чимээгүй “бодон” суув. Сүүлдээ олон нийт, намын дэмжигчид нь түүнийг ажлаа хийхгүй байна хэмээн шүүмжлэх болсон. Бүр намын даргаа солих асуудлыг ч ярьж эхлээд байлаа. Өөрөөр хэлбэл АН-ын дотоод маргаан дахин өрнөх магадлалтай болж эхэлсэн гэсэн үг. Үүнийг Лу.Гантөмөр мэдэрсэн үү эсвэл бусдын шахалтаар уу нэг бол удаан бодсон тохиролцоондоо хүрсэн үү юутай ч намын багаа бүрдүүлье хэмээн Үндэсний бодлогын хороогоо хуралдуулахаар хүсэлтээ өгсөн. Эл хүсэлтийн дагуу Ардчилсан намын ҮБХөнгөрсөн наадмын өмнө хуралдахаар тов нь гарч байсан. Гэвч наадам, найрын сар учир ирц бүрдэхгүй байх магадлалтай гэж үзэн хойшлуулсан. Наадам, найр ч дууссан учир Лу-гийн хувьд дахин хүсэлт гаргаж. Үүнийг нь үндэслээд ҮБХ-ны тэргүүлэгчид саяхан хуралдаж энэ сарын 28-нд Үндэсний бодлогын хороогоо хуралдуулахаар болсон. Энэхүү хурлаар намын дэд дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг сонгоно. Түүнээс гадна олон жил маргаантай явж ирсэн Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийг шинээр сонгон баталгаажуулах аж.

Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ даргын үеийн ҮБХ-ын гишүүдийг солино гэсэн үг. Үндэсний бодлогын хороо гэдэг бол Ардчилсан намын эрх барих дээд байгууллага. Уг байгууллагаас ямар шийдвэр гарна түүнийг нь АН-ын дарга биелүүлэх учиртай. Нөгөөтэйгүүр АН-ын дэд дарга, генсект зүтгэх улстөрчид фракц, бүлэглэлээ төлөөлөн хүчтэй өрсөлдөж байна. Ардчилсан намын дэд дарга болно гэдэг бол ирэх 2024 оны УИХ-ын сонгуулиар намаасаа эхний тавд эрэмбэлэгдэн жагсана гэсэн үг. Тиймээс тойрогт хүчгүй АН-ынхан энэхүү боломжийг алдахгүйн тулд намын дэд дарга нарын суудалд суух амбиц өндөр байна. Энэхүү томилгоонд хамгийн түрүүнд О.Цогтгэрэл гишүүн яригдаж байгаа бололтой. Тэрбээр УИХдахь АН-ын бүлгийн дарга. Гэвч түүнээс илүү АН-ын дэд дарга болох сонирхол их байгаагаа Лу-д хэлсэн гэх жив жув намынхана хүрээнд яригдаж байна. Улс төрийн хүрээнийхэн О.Цогтгэрэлийг нарийн бизнес ухаантай хүн гэж үнэлдэг. Түүнийг тойрогт өрсөлдөж, зах замбараагүй их мөнгө цацах хүн биш ч гэж ярьж байна. Тиймээс л зардал багатайгаар намын дэд даргад өрсөлдөж, ялаад улмаар намын жагсаалтад нэрээ бичүүлэх санаатай гэж үзэх гишүүд олон байгаа юм. Ардчилсан намын дэд даргад яригдаж буй дараагийн улстөрч бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж. Түүний хувьд тойрогтоо хамгийн сайн ажилладаг гишүүн хэмээн улс төрийн хүрээнийхэн магтдаг. Гэвч тэрбээр 2024 оны сонгуулиар тойргоос дэвших бодолгүй байгаа бололтой. Дээрх хоёр улстөрчөөс гадна УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нарын нэр дэд даргад яригдаж байна.

Харин АН-ын генсект одоогийн байдлаар хоёр Ерөнхийлөгчийн фракцаас хоёр хүний нэр ялгаран яригдаж байгаа юм. Эхнийх нь АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү. Түүнийг Х.Баттулгын хүн хэмээн ярих нь бий. Хэрэв үнэн бол Женко талынхан намынхаа гал тогоог хариуцах сонирхолтой байна гэсэн үг. Ц.Баатархүүг намын залуучууд нь чамгүй дэмждэг сурагтай. Түүний хувьд Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байсан. Түүний цаад амбиц нь хотын дарга болох гэж намын гишүүд нь ярьдаг. Харин хоёр дахь хүн бол Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн хүн гэгдэх Ч.Өнөрбаяр юм. Түүнийг АН-ын генсек болгох тохироог Ц.Элбэгдорж Лу-тай хийж байна гэх хов жив улс төрийн хүрээнд хүчтэй яригдах болсон. Энэ яриагаар бол АН-ын генсек Ч.Өнөрбаяр болох магадлал өндөр юм.

Түүнийг намын залуучууд нь улс төрийн зовлон үзээгүй хүн хэмээн ярьцгаадаг. Тиймээс нам дотроо нэр сул байхыг үгүйсгэхгүй. Гэвч ах нарынх нь тохиролцоо бодит болбол түүний хувьд ногоон гэрлээр АН-ын генсек болох боломжтой. Юутай ч “амьгүй” хэмээх хоч зүүсэн Лу.Гантөмөр “амь” орж хөдөлж эхэллээ.

Одоо Ардчилсан намын гишүүд, дэмжигчид түүнийг ямар баг бүрдүүлэн гаргаж ирэхийг л хүлээх боллоо. Намрын чуулган эхлэхээс өмнө Ардчилсан нам цэгцрэх ажилдаа ийн орж байна.

М.ОРГИЛ