Энэ удаагийн “Mobile news”-ээр тайз дэлгэцийн бүтээлүүдэд дахин давтагдашгүй олон гайхалтай дүрүүдийг бүтээсээр яваа УДЭТ-ын жүжигчин МУСТА Г.Отгонцэцэгтэй холбогдож “Жүжигчин Отгонцэцэг айл гэр үймүүлж, эхнэр хүүхэдтэй хүнтэй романс үүсгэлээ” гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.

Жүжигчин бүсгүй маань өнөөдрийг болтол хүнтэй сууж, хүүхэд гаргаагүй болоод ч тэр үү. Шар хэвлэлийнхэн байс хийгээд л түүний талаар элдэвийг бичиж шуугиан дэгдээдэг билээ. Ингээд сүүлийн үед цацагдах болсон “J Salon”-ы захирал Жагаа хэмээх залуутай холбон цацагдсан мэдээлэлд хэрхэн хариулсаныг та бүхэндээ хүргэе

МУСТА Г.Отгонцэцэг: Миний талаар ийм ор үндэслэлгүй худал зүйлүүдийг хэн нь ямар зорилготой бичээд байдгийг нь үнэхээр ойлгохгүй байна. “J Salon”-ы захирал Жагаагийн хувьд  чадварлаг үсчин, сайн залуу бид энгийн л найзууд, түүний хувьд эхнэр хоёр хүүхэдтэй, өөрийн гэсэн амьдралтай, сайн аав сайхан хань гэж би бодож хүндэлж явдаг. Гэтэл биднийг холбоод элдэвээр бичлээ. Түүнчлэн миний талаар хүн үнэмшихээргүй олон худал зүйлүүдийг бичиж цацахаас гадна, миний аав ээж ах эгч, найз нөхөд гээд миний хамгийн эрхэм хүмүүсийг энэ балиар заваан худал хуурмаг мэдээлэлдээ оруулан бичиж байгаад маш их харамсаж байна. 

Энэ дашрамд хэлэхэд би бусад эмэгтэй уран бүтээлчдийн л адил уран бүтээлдээ анхаарлаа хандуулаад явж байна. Цаг нь ирэхээр гэр бүлтэй болж сайхан хань, сайн ээж болох болно.

Мөн миний талаар худал мэдээлэл зохиож бичин олонд цацаад суудаг сэтгүүлчдэд хандан хэлэхэд “Хэн нэгний талаар худал мэдээлэл бичиж, элдвээр муулан байж мөнгө олоод түүгээрээ талх авч идэн амь зогоож амьдрахаасаа ичих хэрэгтэй” хэмээлээ.

 “Mobile news”-ийг бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш