УИХ дахь Ардчилсан Нам(АН)-ын бүлэг ногоон автобустай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт “Хамгийн анх Монголд ногоон автобусны асуудлыг 2023 оны есдүгээр сарын 16-нд хөндөж тавиад, 18-нд АТГ-т хүргүүлсэн АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Ж.Энхбат өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцож байна.

Энхбатын зүгээс энэ асуудлыг хөндөж тавьсны дараа их хэмжээний дарамт сошиал хаягуудаар болон мессежээр нь ирж байгаа. Тиймээс Ж.Энхбатыг хувь хүнийх нь хувьд төрийн хамгаалалтад авах асуудлыг тавьж өгөөч. Асуудлыг хөндөж гаргаснаас хойш байнгын дарамтад байна” гэж хэллээ.

АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Ж.Энхбат "Сүүлийн энэ ногоон автобустай холбоотой асуудлаар хуулийн дагуу баримт нотолгоотой, авто тээврийн инженерийн хувьд авто тээврийн мэргэшсэн инженерийн хувьд техникийн үзүүлэлтүүдийг ил тод болгооч ээ гэдэг асуудлаар өөрийн цахим хаягт тавьж байршуулсан. Явах эд анги, мотор, хөдөлгүүр яагаад нууцад орох болов гээд шүгэл үлээсэн.

 

Хуульч нартай сууж мэргэжил арга зүйн зөвлөгөө авсны үндсэнд  АТГ-т гомдол өгсөн. Үүний дагуу гэрчийн мэдүүлэг өгч, холбогдох материалуудаа дуудсан цагт нь очиж өгч байна. Өнөөдөр Түгжрэлийн сайд ажлын хариуцлага алдсан гээд гоё огцорч байгаа боловч яагаад бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулахгүй байгаа юм бэ.

 

Шүгэл үлээсний үр дүнд ар гэр, хамаатан садан руу таних, танихгүй дугаараас маш их холбогдож байна. Цахим хаягаар "Нялх нойтон хүүхэдтэй байж аяа бодоорой. Хаана амьдардгийг чинь мэднэ шүү" гээд их хэмжээний дарамт ирж байна. Засгийн газрын "5Ш" ажиллагаа гэж баталсан. Шүгэл үлээгчийн эрх ашгийг хамгаалахыг хүсэж байна" гэв.