Гэр бүлийн тухай хууль нь хувийн эрх зүйн буюу иргэний эрх зүйн харилцааг зохицуулдаг суурь хуулиудын нэг юм. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гэр бүлийн тухай хуулийг 1999 онд баталсан.  Үүнээс хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцаа ихсэж байгаа бөгөөд үүнээс үүсэх үр дагаврыг нарийвчлан зохицуулаагүй байна. Иймд УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн юм.

Тэгвэл уг хуулийн шинэчилсэн өөрчлөлтийн талаар хэн, хэн юу өгүүлсэн талаар хүргэж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Арчаагүй эрчүүдийн улмаас олон эх нуруун дээрээ ачаа үүрч байна. Аав нар хүүхдийн тэтгэмжийг салсан эхнэртээ өгдөг гэж эндүүрч байна. Боломжийн амьдралтай атлаа тэтгэмжээ төлдөггүй хүмүүс байна. Тэдгээр хүний данснаас тэтгэмжийг шууд шилжүүлж болох уу? Энэ  талаар хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсэг банкуудтай ярьсан уу? Мөн өндөр орлоготой бол тэтгэмжийг нь мөн нэмэх саналтай. Ер нь монголын амьдрал эмэгтэйчүүдийн нуруун дээр байна. ШШГЕГ-ын шийдвэрүүд хэрэгжихгүй байна. Тухайн бүс нутгийн амьжиргааны түвшний 50 хувьтай тэнцэх тэтгэмж өгөхөөр одоогийн хуульд заасан нь бага байна.                

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Н.Учрал гишүүний саналыг дэмжиж байгаа ч иргэдийг хөрөнгө орлогоор нь ялгаварлалаа гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд энэ заалт унах тул хэрэгжих боломжгүй гэж хариулав. Хуулийн төсөлд гэр бүл салсны дараа ч салсан аав/ээжүүд хүүхэдтэйгээ байнга харилцаатай байх үүргийг шинээр тусгажээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Монгол эрчүүл эрүүл мэнд, наслалт, боловсрол, ажил эрхлэлт гэх мэт олон үзүүлэлтээр эмэгтэйчүүдээс бага байна. Өрх гэрт аавуудын гүйцэтгэх үүрэг мөн багасав. Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг гэх мэт болохгүй бүхэнд эрчүүд дийлэнхийг эзлэв. Охиноо л их сургууль бараадуулъя гэсэн олон жилийн буруу шийдвэрийн урхаг одоо илэрч байна. Эрчүүдийн үнэлэмж, нэр хүнд ихээхэн уналаа. Хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй аавууд ажилгүй, орлогогүй, ядуу тул төлөх боломжгүй гэж хариулдаг байна. 

Манай улсад эрчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалтын 9 жил байгаа нь олон улсын дунджаас өндөр. Эрэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх анхны төвийг Чингэлтэй дүүрэгт байгуулсан. Тэтгэмжийн хэмжээг шүүхэд хандуулан өсгөх боломжтой. Хүүхэд долоон нас хүрээд аав ээжийнхээ хэнтэй нь амьдрахаа өөрөө шийддэг гэж ажлын хэсгээс танилцуулав.     

Мөн энэ хуулийн төсөлд  монгол хүний удмын санг хамгаалах үүргийг гэр бүлд хариуцуулжээ. Энэ дагуу удмын бичиг хөтлөх үндэсний аяныг ЦХХХЯ-тай хамтран хэрэгжүүлж, ургийн бичгээ хөтөлдөг гэр бүлүүдийн туршлагыг улс даяар сурталчилна, айл бүр ургийн бичиг хөтлөх нь айл бүрийн үүрэг болно. Нэг овог удмынхан дотроо гэрлэхийг хориглох, удмын хамаарлаа мэддэг байхын тулд орчин үеийн, генетикийн лабораторийн шинжилгээнд хамрагдах уу, цус ойртолтоос хэрхэн сэргийлэх вэ зэргийг УИХ-ын гишүүд тодруулав.   

Манай улсад жилд 1500 орчим удаа эцэг, эх тогтоолгох шинжилгээ хийлгэдэг байна. Лабораторийн хүчин чадлыг сайжруулах шаардлагатай. Шүүх шинжилгээний ерөнхий газар цус ойртолтын түвшин хаана илүү байгааг тогтоох, ДНК-ийн шинжилгээг улсын хэмжээнд хийх, монгол хүний удмын сангийн мэдээлэл шаардлагатай гэжээ. Суурь судалгаатай болсноор гэрлэгч хосууд аль овог аймгийнх гэдгээ мэдэх, цус ойртох эрдэлтэй юу зэргээ мэдэх боломжтой юм байна.        

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: БНСУ энэ чиглэлд их туршлагатай. Бид тус улсын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулсан. Удмын сангийн лаборатори байгуулахад 50-60 сая ам.доллар хэрэгтэй. ТЭЗҮ удахгүй батлагдана. Батлагдангуут Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна. Удмын сангийн асуудал нь Монгол Улс орших, орших тухай асуудал. Гэр бүл салалтын хувьд дөрвөн гэр бүл тутмын нэг нь салж байгаа нь маш өндөр тоо. Манай яамнаас 50 мянга орчим хүүхэд эрсдэлтэй орчинд амьдарч байна. ХНХЯ-наас 14 мянган хүүхэд гэдэг. Эдгээр нь ямар хүүхэд байна вэ гэхээр голдуу гэр бүл нь салсан байдаг. Хүүхдийн асуудлыг зөвхөн боловсролын яаманд даатгаж болохгүй. Тэтгэмжээ төлдөггүй, шимэгч нарын хариуцлагыг өндөрсгөх нь зөв. Энэ тохиолдолд төр төмөр нүүрээ үзүүлэх ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Одоогийн Гэр бүлийн тухай хуульд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэхгүй гэх хуулийн заалт байгаа. Тэр харилцаанаас гадуур харилцаанд ороход гуравдагч этгээдэд хариуцлага хүлээлгэх ямар орон зай байх вэ. Энэ бол хүмүүсийн хоорондын харилцаа. Ер нь Гэр бүлийн тухай хууль гэдэг бол гэр бүлийг салгахгүй үнэнч, шударга байлгадаг, бие биеийг нь хайрлуулдаг хууль биш байхгүй юу. Гэр бүлийн тухай хууль нэг талаас бүртгэлийн асуудал. Гэрлэнэ, хүүхэд төрүүлбэл бүртгэнэ, гэр бүл салбал бүртгэнэ. Нөгөө талаас гэр бүл цуцалснаас, хүүхэд төрснөөс үүдэлтэй өмчийн, эдийн болон эдийн бус харилцааг зохицуулдаг хууль. Гэр бүлдээ үнэнч байх, асарч хамгаалах асуудлууд хуулийн заалттай. Гэхдээ энийг баталгаажуулж хийдэг зохицуулалт нь манай нийгмийн соёл, боловсрол, Монгол ёсыг авч явах асуудал байхгүй юу. Гуравдагч этгээдийн асуудлыг хуульчлаад яах вэ. Хүний сэтгэлийг хуульчилж болохгүй. Энэ хуульд хэд хэдэн нэмэх ёстой заалт бий. Манай шүүхийн практикт гарсан өмчийн харилцааны асуудал бий. Жишээ нь сүй тавьчихдаг. Сүй тавьснаас нь болоод ар гэр нь янз бүрийн зардал гаргадаг. Гэтэл зардал гаргасан талын буруугүйгээс болоод салах болчихвол өмчийн харилцааг яах вэ гэдэг асуудал зөндөө гарч байна. Энэ заалт тусгагдах ёстой. Хуульд шинээр нэмж орж буй зүйл бол гэрлэлтийн гэрээ. Энэ нь гэр бүл болохоос өмнө өмчийн харилцааг зохицуулж байгаа. Энэ дээр нарийвчлалтай зохицуулалт орох ёстой. Гэр бүлийн гишүүдийн өмчийн харилцааны асуудал нарийн тусгагдах ёстой. Ерөнхий санаа нь иргэний хуулийн холбогдох зохицуулалтаар оруулна гэж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт байнга нэмэгдэж байна. Салалтын золиос хүүхэд болдог. Салалтын шалтгаан таарамжгүй харьцаа, архи болж байна. Эцэг эх байх эрхээ хасуулсан 120 хүн байна. 1300 хүн асрамжийн газар байна. Эрсдэлтэй нөхцөлд 20 гаруй мянган хүүхэд байна. МУ-ын хэмжээнд Үндэсний соён гэгээрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. 

Хуулийн төсөлд цус ойртолтын асуудалтай холбоотой ямар заалт байна.  Мэдээллийн технолгийн ололт амжилтыг ашиглаад ургийн бичгийг бий болгох боломж байна уу? 

ХЗДХ-ийн сайд Ц.Солонгоо: Гэрлэлт бүртгүүлэхэд харшлах шалтгааны нэг нь бол садан төрлийн холбоотой хүмүүс юм. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл цус ойртолтоос урьдчилан сэргийлэх, цус ойртолтоос хамгаалах зорилготойгор гэрлэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө ДНК-ийн шинжилгээнд хамрагдаж болох боломжийг нээж байгаа. Иймээс ДНК-ийн шинжилгээ бодитой байх нөхцлийг бүрдүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар ШШЕГ-т ДНК-ийн шинжилгээ авч эцэг эхийг тогтоох практик хэрэгждэг. Төрөл саданг тогтооход ДНК-ийн шинжилгээнээс гадна мэдээллийн сангийн суурь судалгаа хэрэгтэй. Гэрлэгч хосуудад удам зүйн шинжилгээ хийхэд гурав болон түүнээс дээш үеийн тодорхойлох генетик өгөгдлийн санг бүрдүүлэх шаардлагтай. Санг бүрдүүлэхэд судалгаа хэрэгтэй. Иймээс 2028 оноос энэ заалтыг хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Гэр бүлийн хууль гэрлэлтийн үр дүнд бий болж байгаа олон төрлийн харилцаа, эрх зүйн үр дагаврыг зохицуулж байгаа. Тухайлбал, гэрлэлт бий болсноор гэр бүлийн гишүүд хооронд бие биеэ хайрлах асран хамгаалах үүргээ биелүүлэх, хэрэвзээ гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хөдөлмөрийн чадваргүй, урт хугацаанд асаргаанд байх шаардлагатай бол заавал тэтгэн дэмжих гэх мэт эдгээр үүргийг шинэчлэн зохицуулсан заалтууд орж ирж байна. Түүнчлэн, гэр бүлийн тэжээн тэтгэх үүргийг эцэг эх, бүгдэд нь хариуцуулж, хэрэвзээ өндөр настай аав ээжийгээ хараа хяналтгүй орхисон, аав ээжийгээ дэмжин тэтгэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэр бүлийн гишүүн маань шүүхэд хандаж гомдлоо нөхөн төлүүлэх боломжийг хуульд шинээр тусгалаа. Мөн хүн амын удмын санг шинээр хамгаалах цус ойртолтоос сэргийлэх үүднээс гэрлэгчид генетикийн шинжилгээ өгсөн байх заалтыг оруулсан. Түүнчлэн, гэр бүл салалтын үр дүнд хүүхэд, тухайн гэр бүлийн гишүүд хохирох эрх нь зөрчигдөж байгаа тул гэр бүл салалтыг нэлээд өргөн хүрээтэй оруулж өгсөн. Дараах тохиолдлуудад гэр бүл салж болохгүй. Хэн нэг нь хүнд өвчтэй, хөдөлмөрийн чадвараа алдсан гэх мэт. Ялангуяа салалтын дунд ахмад настан хүүхэд хэлмэгдэх асуудлыг зохицуулахаар оруулж ирсэн.