Оскарын шагналт “Parasite” киноны гол дүрийн жүжигчин И Сүн Кюн өнөөдөр өглөө амиа хорлосон байдалтай олдсон тухай Өмнөд Солонгосын эх сурвалжууд мэдээлжээ.

Тэрбээр хар тамхины хэргээр шалгагдаж байсан юм.

Сөүл хотын төвийн зогсоолд байрлуулсан автомашин дотроос 10:30 цагийн үед ухаан алдсан 40 гаруй насны эрэгтэйг цагдаа нар олсон байна. Сүүлд уг хүн нь жүжигчин И Сүн Кюн болохыг тогтоожээ. Автомашины зорчигчийн суудал дээрээс шахмал нүүрсэн түлш олдсон юм байна.

Үүнээс өмнө цагдаа нар жүжигчнийг зурвас бичиж үлдээгээд гэрээсээ явсан тухай мэдээлэл аваад байжээ.

И Сүн Кюн гэртээ болон Ганнам дүүргийн нэг бааранд хууль бус хар тамхины төрлийн бодис олон удаа хэрэглэсэн хэрэгт энэ оны эхнээс хойш шалгагдаж, гурван удаа байцаалт өгөөд байсан юм.

Хамгийн сүүлд өнгөрсөн Бямба гарагт байцаалт өгчээ.

Тэрбээр баарны ажилтан өөрт нь хар тамхи өгсөн, юу хэрэглэж байгаагаа мэдээгүй зэргээр мэдүүлж байсан юм.

Өнгөрсөн сард тэр Солонгосын Үндэсний Шүүх Эмнэлгийн лабораторид шинжилгээ өгөхөд үр дүн нь сөрөг гарч байжээ.

 

Эх сурвалж: Yonhap News