Хаваржилтын нөхцөл байдал болон УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар  УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү болон ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсийн ерөнхий инженер Э.Батбаяр нар мэдээлэл хийж байна

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү: Бид 11 аймгийн 46 суманд ам бүл цөөтэй айлуудын мэдээллийг цуглуулж, Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн сумдад Зэвсэгт хүчний 218 албан хаагч үүрэг гүйцэтгэж эхэллээ. Гамшгаас хамгаалах орон нутгийн албад түлээ түлш бэлтгэхэд өвөлжилт хүндэрсэн 12 аймгийн малчдад тусалж байна.

Нийт 37754  малчин өрхөд 102 мянган боодол өвс, 1500 тонн тэжээл, эмийн болон хүнсний багц хүргэх ажлыг хийлээ. Давхардсан тоогоор 507 албан хаагч 111 техник хэрэгсэлтэйгээр энэ ажлыг зохион байгууллаа. Аймгуудын онцгой байдлын албад дэмжлэг үзүүлж байна. Өвөлжөө, хаваржаа нь цасанд дарагдсан айлууд руу албан хаагчдыг томилсон. 15 аймагт зам нээх шаардлагатай газрууд байсаар байна. Өнөөдрийн байдлаар 71 мянган замыг төрийн, хувийн хэвшлийн байгууллагууд нээсэн. 

Хөдөө аж ахйн корпорацад хадгалж байсан тэжээлийн улаан будааг дөрвөн аймаг татан авч байна. Нийт арван аймаг тус корпорацтай гэрээ байгуулжээ. Хүнсний тусламжийг өнөөдрөөс хүргэж эхэлнэ.

Мөн ОБЕГ-т нийт 1.9 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, 770 орчим сая төгрөгийн эд зүйлийг 33 иргэн, 55 ААН-үүд хандивласныг аймгууд руу өнөөдрөөс хүнсний тусламжтай хамт түгээнэ. Бид сум, баг, аймгийн Засаг дарга нараас мэдээлэл авч, шийдвэрээ гаргаж байна. Төмөр, цагаан зудтай малчин өрхүүдэд л хүнсний тусламж үзүүлнэ.    

ЭМЯ-ны төлөөлөл (н.Өнөржаргал) иргэд, малчид руу чиглэсэн ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаар мэдээлэв.
Бид долоон баг бэлтгэн, эдгээр баг ҮОК-оос өгөх чиглэлийн дагуу аймгууд руу явж ажиллана. Бид олон улсын байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хандан, эмийн захиалга өгсөн. Удахгүй эмүүдээ хүлээн авна.