Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг Төв цэнгэлдэхийн газрын маргааны талаар мэдээлэл өглөө.  2008 оноос хойш Төв цэнгэлдэх хүрээлэнд нийслэлээс 4.6 тэрбум зарцуулсан ч 32.7 сая төгрөгийн ногдол ашиг авчээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн мэдэлд анх 38.6 га газрыг спортын зориулалтаар олгосон ч өнөөдөр 12.6 га газар үлдээд байгаа юм. 2007 оноос 2017 оны хугацаанд 26 га газрыг нь бусдад шилжүүлж өгчээ.

зураг

 

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг "Иргэдийн өмч байх ёстой Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлдээ буцаан авахаар ажиллаж байна. 

Төв цэнгэлдэх хүрээлэн 1959 онд баригдсан. 1990-ээд онд зах зээлийн эдийн засагт шилжиж, өмч хувьчлал нэлээд эрчимтэй явсны үр дүнд 1993 онд Төв цэнгэлдэхийн өмч хувьчлалын асуудал яригдаж, 30 хувийг нь ягаан тасалбараар хувьчилсан байгаа. Энэ үед дөрвөн иргэн өмчилж авсан. Тухайн үед Төв цэнгэлдэх нь бидний наадмаа хийдэг барилга байгууламж байлаа. 

Түүнээс хойш 1999 онд анх удаа Төв цэнгэлдэх хүрээлэнд 38.6 га газрыг ногоон байгууламж, спортын зориулалтаар ашиглах эрх өгсөн. Ашиглах эрх нь бусдад шилжүүлэх боломжгүй, зөвхөн зориулалтын дагуу ашиглах эрх байдаг. Харин одоо энэ газар 12.6 га буюу гурав дахин багассан.

Төд удалгүй буюу газар авсныхаа дараа 2000 онд дахин өмч хувьчлал болсон. Төрийн өмчийн хороонд явагдаж, тухайн үед 30 хувийг эзэмшиж байсан Т.Нямдаваа гэдэг хүн өөрөө давуу эрхтэйгээр 19 хувийг нэмж авснаар нийт 49 хувийг эзэмших болж, нийслэл 51 хувийн хувьцаатай болсон. 

2000 оноос хойш Төв цэнгэлдэхээ хэрхэн ашиглах талаар нийслэл хэлэлцэж, ажиллагаанууд явагдах зуурт гол эргэлтийн цэг нь 2004 онд болсон. Тодруулбал Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын тогтоол байхгүйгээр зөвхөн хамтарсан "Төв цэнгэлдэх хүрээлэн" гэдэг компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ)-өөр нийслэлийн өмчийн хоёр хувийг Т.Нямдаваа буюу хувийн өмч болгоод нийслэл 49, Т.Нямдаваа 51 хувь болгоё гэсэн байгаа юм. Эндээс эхлээд 38.6 га газар ихэвчлэн бусад этгээд рүү шилжиж ирсэн. 

Уг нь 2005-2006 оны үед НИТХ-аас шүүхэд хандсанаар 2008 онд эцэслэгдэн шийдэгдсэн. Гэтэл шүүхээр шийдэгдээгүй байх үед буюу 2007 онд Т.Нямдаваа нь "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гээд бүртгүүлчихсэн байна. 

Төв цэнгэлдэхийн орчимд ногоон байгууламж, спортын зориулалтаар ашиглагдах ёстой 38.6 га газар одоо 29 хуваагдсан. Бүх мэдээлэл нь тодорхой бий" гэлээ.

Түүнчлэн Төв цэнгэлдэхтэй холбоотойгоор хоёр Т.Нямдаваа гэдэг нэр яригдаад буй. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг Т.Нямдаваа гэж иргэн, 49 хувийг нийслэл өмчилдөг орон нутгийн оролцоотой компани гэсэн статустай.

Удирдлагын бүтцийг харвал хувьцаа эзэмшигч Т.Нямдаваа нь өөрөө ТУЗ-ийн дарга. Энэ хүн түрүү жил өөд болсон. Нэрийн асуулт нэлээд явсан. Т.Нямдаваа гэдэг хүний дүү нь өөртэй нь адил нэртэй. Бид ах нь буюу том Нямдаваа, дүү нь буюу жижиг Нямдаваа гэж регистрийн дугаараар нь ялгаж байгаа. Яг адилхан овог нэртэй хоёр хүн бий. 

Том Нямдаваа буюу ах нь 51 хувийн эзэмшигч, ТУЗ-ийн дарга. Дүү нь энэ компанийнхаа ТУЗ-ийн гишүүн бөгөөд Гүйцэтгэх захирал нь. Бидэнтэй уулзаж, энэ компанийн асуудлаар санал солилцож байгаа хүн нь Гүйцэтгэх захирал Т.Нямдаваа юм. 

ТУЗ-д таван гишүүн байдгийн хоёр нь ах дүү Нямдаваа, нэг нь том Нямдаваагийн хүү Н.Булгантамир. Харин нийслэлийн иргэдийн төлөөлөгчдөөс хоёр хүн байгаа" гэв.