Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. 

Тус хуулийн төсөлтэй холбоотой Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танилцуулсан илтгэлээс тоймлон хүргэе.

Тэрбээр "Авлигатай нам харгалзахгүй тэмцэж, улс төрийн намууд, хууль хяналтын байгууллага, шүүх хүртэл тархан байршиж, улс дамнан хүчирхэгжсэн бүлэглэлтэй эрх ашгийн хувьд тулсаар өнөөдрийг хүрч байна. 

Энэхүү тэгш бус хязгааргүй их баялаг, тэдэнд үйлчилдэг бүлэглэлийн өмнө монгол төр ард түмэнтэйгээ олон жил сааралтан хүч үзсээр ирсэн нь бодит үнэн. Монголчууд бидний итгэмтгий уйдамтгай өрөвч занг ашиглан баялаг, газар, нийтийн өмчийг, шүүхийг, намыг нь төрийн хэдхэн хүн өмчлөн авч аалзны шүлс мэт хэрсэн авлигын систем хэрхэн үүсгэснийг одоо л нийгэм дүгнэж байна. Гэхдээ энэ бол мөсөн уулын орой хэсэг юм. 

Эрдэнэтийн 49 хувийн луйврыг таслан зогсоосноор улсад төвлөрүүлж байсан 960 орчим тэрбум төгрөг өнөөдөр хоёр их наяд төгрөг болж, цар тахлын үед дулаан цахилгаан төлөх хэмжээнд орлого давсан нь бүлэглэлд ямар хэмжээний их мөнгө бүртгэлгүй эргэлдэж байсны энгийн нэг нотолгоо юм. 

Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэлд байна хэмээн хуульчилсан боловч нийт стратегийн 16 ордын зөвхөн долоо нь "Эрдэнэс Монгол"-ын харьяанд байна. 

Стратегийн нөөцөд бүртгүүлэхгүйн тулд нөөцийн суурь мэдээллийг нь өөрчилсөн, АМНАТ-аас зугтахын тулд хуваан эзэмшсэн зэрэг их хэмжээний баялаг бүртгэлгүйгээр далд эдийн засгийг бүрдүүлж байна. 

Өнгөрсөн хугацаанд энэ бүлэглэлтэй мөргөлдсөн улстөрч, нийгмийн зүтгэлтнүүд учир битүүлгээр амь насаа алдаж эсвэл улс төрийн тавцангаас шахагдан зайлуулагдсаар ирснийг түүх нотолно. 

МАНАН системийг задлахын төлөө хатуу зогссон сүүлийн Засгийн газар байж магадгүй. Бүлэглэлийн томилсон шүүгчдийн өмнө шударга ёсны тэмцэл хүч мөхөстөж байна. 

Энэ хууль батлагдахад Ерөнхий сайдад олон нийтийн дэмжлэг одоо л хэрэгтэй байна" хэмээн ярилаа.