Гадны хүнтэй гэр бүл болон алдаж, онож яваа монгол бүсгүйчүүд цөөнгүй бий. Тэдний нэг хэсэг нь амьдралаа сайн сайхан болгохын тулд харийн хүнтэй ханилдаг бол зарим нь хайр сэтгэлээрээ холбогдон өрх тусгаарладаг.

Гэтэл хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэгчээр монгол бүсгүйчүүдийн маань итгэлийг олж, эх орондоо аваачсаныхаа дараа тараа таниулдаг гадны эрчүүдийн балгаар олон эмэгтэй хохироод буй юм. Тэдний нэг болох Т.Аятунгаа бүсгүйд тохиолдсон явдал бусад хүүхнүүдэд сургамж болсон. Мөн түүнтэй адил Нигери эртэй ханилж, хоёр сайхан хүүхдийг нь төрүүлсэн С.Энхмаа бүсгүй нөхрийнхөө дарамтад олон жил зовж зүдэрч байсан тухай мэдээлэл дэлхий нийтэд цацагдсан билээ. Тэрээр Африкийн Нигери улсын Лагос хотод амьдарч байсан юм. Хүний нутгийн хөрс хатуу гэдэг. Гадаадын улс оронд эрх нь зөрчигдөж байгаа элэг нэгт монголчуудаа манай төр засгийн зүгээс анхаарч, тусламжийн гараа сунгадаг юм. Тиймдээ ч С.Энхмаа бүсгүйг хоёр хүүхдийнх нь хамт эх орондоо элэг бүтэн авчирлаа.Харийн хүний дарамтад олон жил амьдарч байгаад ирсэн С.Энхмаатай ярилцав.

-Та гурав эх орондоо хэзээ ирэв. Ямар сэтгэгдэл төрж байна?

-Өнгөрсөн долоо хоногт ирлээ. Эх орондоо ирсэн чинь амар амгалан, сайхан байна. Би Нигерит байхдаа эх орон, ээжийгээ, үр хүүхдүүдээ маш их саналаа. Тэднийгээ хараад сэтгэл тэнийж, маш их баяртай байна. Нийслэл хот маань хөгжжээ. Өндөр сайхан барилга байгууламжуудтай болсон байна. Бараг төөрч будилахаар болсон байна шүү. Юуны өмнө биднийг эх орондоо ирэхэд минь тусалж, гадаадад эрх нь зөрчигдсөн монголчууддаа анхаарлаа хандуулдаг улсдаа баярлалаа. Бидний ирэх замын зардалд нэмэрлэсэн Гадаад харилцааны яам, Египет дэх ЭСЯ-ндаа талархаж байна. Тус ЭСЯ-ны нарийн бичгийн дарга н.Нямзагдад бас баярлалаа. Хүний нутагт зовж зүдэрч байгаа монголчуудад маань эцэг, эхийн үүргийг гүйцэтгэдэг газар бол тухайн улсад суудаг ЭСЯ байдаг.

-Таныг Нигери хүнтэй гэр бүл болж, түүний дарамтад байсан тухай мэдээллийг монголчууд авсан. Нөхөртэйгээ хэзээ, хаана танилцсан юм бэ?

-Би Хятадаас бараа татдаг ганзагын наймаачин байлаа. Урд хөрш рүү наймаандаа явж байхдаа охидынхоо аавтай 2006 онд танилцсан юм. Ингээд том охин маань 2007 онд Монголд төрсөн.

-Нөхөр чинь тухайн үед юу хийдэг байв. Та хэд хамт амьдарч байсан уу?

-Манай нөхөр надтай адилхан ганзагын наймаачин байсан. Хятадаас бараа татаж, Нигери рүү аваачиж зардаг байв. Том охиноо төрүүлчихээд Хятадад нөхөртэйгээ хамт гурвуулаа амьдардаг байлаа. Бид 2009 онд Нигери рүү наймаа хийхээр явсан. Нөхөр маань “Монгол руу бараа аваачиж зарж байснаас Нигери рүү зөөвөл илүү ашиг орлоготой. Олон хүн амтай” гэсний үндсэн дээр тийшээ явсан юм.

-Анхандаа нөхөр чинь танд ямар ханддаг байв?

-Бид бие биедээ таалагдаж, хайрлаж дурлалцаад хүүхэд төрүүлж, хамтдаа амьдрахаар шийдсэн. Эхэндээ надад маш их халамжгай байлаа. Гэтэл нутагтаа очоод зан нь хувирсан, Намайг гэрээсээ ч гаргахаа больж, гэрийн хорионд оруулсан юм. Юун нөгөө хоёр улсын хооронд наймаа хийх вэ. Гэрээс ч цухуйлгахгүй, зөвхөн хүүхдүүдээ хараад суудаг гэрийн хүн болгосон. Харин миний хувьд ийм байдалд байхыг хүсээгүй юм. Эрх чөлөө маань хязгаарлагдаж, хүний эрхэнд орсноо мэдэрсэн. Нэг үгээр хэлбэл, шоронд байгаа юм шиг байсан даа. Явъя гэхээр дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болдог байв. Хэрэлдэж муудалцахаараа гүйгээд гармаар санагдах боловч хаашаа хэн дээрээ очих билээ дээ.

-Таныг Нигери рүү очиход төсөөлж байснаас чинь тэс ондоо орчин угтсан байх нь ээ?

-Яг тийм. Гэрэл цахилгаангүй, ус байхгүй гээд надад маш их хүндрэлтэй байсан. Тогны хувьд гэхэд цагийн хязгаарлалттай өгнө. Ус нь болохоор тун бохир. Усандаа байнга ариутгалын бодис хэрэглэдэг. Энэ бүгдийг тэвчээд өнгөрүүлж чадна гэж бодоход эрх чөлөөгөө боомилуулсандаа хамгийн их бухимдаж байлаа.

-Цаг агаар болон хоол хүнсэнд нь дасан зохицоход хэцүү байв уу?

-Их бүгчим халуун орон болохоор надад тун хүнд байсан. Хоол унд нь хүртэл тохирохгүй юм билээ. Бүх юм нь тав тухгүй байсан. Эх орноо маш их үгүйлсэн. Миний эх орон ямар амар амгалан юм бэ гэж бодоод уйлдаг байлаа. Эх орондоо байхдаа тэр сайхныг нь мэдэрдэггүй байсан хэрнээ харийн нутагт очихоор өөрийн эрхгүй хэчнээн сайхан газарт төрж, өсч амьдарч байснаа бодож байлаа. Миний хувьд тэнд өнгөрүүлсэн дөрвөн жилийн хугацаа аймшипгай там шиг л байсан гэхэд болно. Сүүлдээ тэвчээр алдагдаж, аргагүйн эрхэнд зугтсан юм.

-Та нөхөртэйгэз юунаас болж маргалддаг байв. Шашин шүтлэгийн зөрчил байв уу?

-Тэр тал дээр асуудалгүй, нөхөр  маань Христэд итгэдэг. Би ч бас түүнийг дагаад Христэд итгэх болсон. Тэрбээр архи ууж, тамхи татдаггүй. Тэр тал дээр ухамсар өндөртэй хүн.

-Таныг нөхөр чинь яаж дарамталдаг байсан юм бэ. Хүний нутагт нөхцөл байдал ямар байв?

-Ер нь хаа ч газар эхнэр нөхөр хоёр маргалдаж, муудалцахыг алийг тэр гэх вэ. Тэрний л адил нөхөртэйгээ маргалдаж, үзэл бодол нийлдэггүй байсан. Хэрэв эх орондоо байсан бол нөхөртэйгээ хэрэлдлээ гэхэд сайндаа л ээж дээрээ гүйж очно шүү дээ. Харин хүний нутагт бол шал өөр, Иймэрхүү гэр бүлийн маргаан маш хүндээр тусдаг юм билээ. Эх орон надаас хол байгаа гэж бодохоор их сэтгэл санаагаар унадаг байсан. Нэг ёсондоо хүний эрхэнд байсан гэсэн үг.

-Уучлаарай, та хоёр юунаас болж маргалддаг байсан юм бэ?

-Энэ бол хүний хувийн асуудал шүү дээ. Ерөнхийдөө бол ээжийн маань бие тааруу гэдгийг дуулаад нутагтаа ирэхийг хүсч байсан. Гэтэл намайг явахыг хориглосон. Яагаад гэхээр би хоёр охиноо аваад явна гэтэл зөвшөөрөхгүй, “Ганцаараа яв” гэдэг байсан. Миний хувьд гадны нутагт идээшихгүй байсан.

-Нөхөр чинь таны бичиг баримтыг хураагаад гэрийн хорионд байлгадаг тухай мэдээлэл цацагдаж байсан. Үүнээс болсон хэрэг үү?

-Тиймээ. Хоёр охинтойгоо хамт явна гэхээр сүүлдээ бичиг баримтыг маань надаас нуучихсан. Тэгээд би хоёр охиноо аваад зугтахаар шийдсэн. Ингээд хаашаа хандахаа мэдэхгүй эхлээд цагдаагийн газарт очсон. Яагаад гэвэл Нигерит манай улсаас өргөмжит консул гэж байхгүй. Гэтэл цагдаагийн газрынхан “Гэр бүлийн асуудал. Та хоёр эвлэр” гээд авч хэлэлцээгүй. Тэгээд Нигеритэй хамгийн ойроор нь Египетэд суугаа Монголын ЭСЯ руу утсаар ярьж хандсан, “Одоохондоо манай санд мөнгө байхгүй учраас түр хүлээ” гэсэн хариу өгсөн юм. Надад тэднийг хүлээх хугацаа байгаагүй. Ээжийн бие тааруу байсан болохоор эх орон руугаа явахын тулд маш их яарч байлаа. Өөрийнхөө шийдвэрээр Христийн сүм рүү зугтаасан. Тэр сүм бол дэлхийн өнцөг булан бүрээс тусламж эрсэн хүн болгонд тусалдаг. Тодруулбал, өвчин зовлонтой, янз бүрийн асуудалтай хүн болгоныг хүлээж авдаг. Тэр утгаараа намайг хоёр охины маань хамт найрсагаар хүлээж авсан байгаа.

-Таныг зугтахыг нөхөр чинь мэдсэн үү?

-Бид үүрээр 04.00 цагийн үед гэрээсээ зугтсан. Тэр үед охидын маань аав өөр хот руу явсан байсан юм.

-Сүмээс ямар зардал гаргасан бэ?

-Бидний байрлаж байсан буудал, хоол, хүнс, гар утасны төлбөр, халаасны мөнгө зэрэг бүх зардлыг даадаг байсан. Нийтдээ 10 мянган ам.доллар бид гуравт зарцуулсан.

Нөхөр чинь та гурвыг тэнд байгааг мэдсэн үү?

-Эзгүй хойгуур нь гэнэт зугтсан болохоор биднийг их хайж байсан юм билээ. Санаа нь зовоод Монгол руу хүртэл ээж, эгч нар руу утсаар ярьж сурагласан байдаг. Би хоёр охинтойгоо түүнээс зугтаж байгааг манай ээж, эгч нар мэдэж байсан болохоор нөхрийг залгахаар “Мэдэхгүй" гэж хариулсан байна лээ. Харин би хоёр охинтойгоо телевизээр гараад эхлэнгүүт тэр  мэдсэн. Тэгээд хоёр хүүхэдтэйгээ уулзахаар сүм дээр ирэхэд нь сүмийн дарга зөвшөөрсөн юм. Тэр хааяа ирж уулзаж, охидтойгоо тоглоод буццаг байлаа.

-Та гурвыг гэртээ буцаж харья гэдэг байв уу?

-Тэгдэг байсан. Сүмийн зүгээс биднийг эх орон руу маань миний хүдэлтээр явуулна гээд амласан байсан. Тэгээд миний саналыг сонссон. Би наашаа ирнэ гэсэн шийдвэрээсээ огтхон ч буцаагүй.

-Та нөхрийгөө уучилсан уу?

-Сүмийн зүгээс надад “Та хоёрын асуудал бол байдаг л гэр бүлийн маргаан. Тиймээс нөхөртөө өс хонзон санах хэрэггүй. Нөхрөө уучил, охидынх нь эцэг шүү дээ” гэсэн. Тэр хүн охидын маань эцэг учраас би уучлахаас өөр аргагүй.

-Нөхөртэйгээ албан ёсоор гэрлэсэн үү?

-Үгүй ээ. Бид хурим ч хийгээгүй. Гэхдээ олон жил хамт амьдарч, хоёр хүүхдийг нь төрүүлсэн болохоор эхнэр нөхрөөс ялгаа юу байхав.

-Тэгвэл та буцаж Нигери рүү явах уу?

-Явахгүй.

-Энд ирснээс чинь хойш холбоо барьсан уу?

-Ирснээс хойш утсаар охидтойгоо ярьдаг.

-Танд Нигерит найз нөхөд байсан уу?

-Гэрээс хамраа ч цухуйлгадаггүй байсан надад ямар юмны найз нөхөд байх вэ дээ.

-Та сүмийн телевизэд ярилцлага өгөхдөө Монголд хоёр хүү маань хүлээж байгаа гэж ярьж байсан?

-Тиймээ. Миний хоёр хүүг ээж маань хардаг байсан. Хөвгүүдийн маань аав өөд болчихсон юм. Хань ижил минь хорвоог орхиж, хоёр хүүгээ асран халамжлах бүх үүрэг хариуцлага нь миний нуруун дээр ирсэн. Тэдний сурч боловсрох, өмсч зүүх, идэж уух гээд бүхий л асуудлыг хангах үүрэг надаас өөр хэнд оногдох билээ. Ингээд байраа зараад амьдралаа сайжруулахын тулд наймаа хийж эхэлсэн. Тухайн үед охидынхоо аавтай танилцаж,  амьдрал ахуйгаа сайжруулна гэж итгэж байсны үндсэн дээр хүний нутгийг зорьсон юм. Гэтэл бүх зүйл эсрэгээрээ болсон.

-Монголд ирээд цаг агаарын нөхцөл байдлаас цочирдов уу. Охид чинь яаж байна?

-Бид зуны хувцастай онгоцноос буусан. Маш их даарсан. Уг нь манай оронд урин цаг ирж байгаа шүү дээ. Гэтэл халуун оронд удаан хугацаанд байсан болохоор Монголынхоо цаг агаартай дасан зохицоход эхэндээ хэцүүхэн л байлаа. Одоо ч их даарч байна. Ямар сайндаа гутал өмссөн чинь хөл холгоод ч байгаа юм шиг их эвгүй байсан. Охид маань ирээд ханиад хүрч, нэлээд сандаргалаа.

-Тэд монгол хэл мэдэх үү?

-Мэдэхгүй. Нигеричүүд англиар ярьдаг. Тиймээс охид маань англи хэлтэй. Одоо надад тулгарч байгаа гол бэрхшээл нь охидын маань хэлний асуудал байна. Том бхин маань ирэх намар сургуульд орно. Гэтэл ямар сургуульд оруулах вэ. Энэ л толгойны өвчин болоод байна даа. Жирийн сургуульд оруулъя гэхээр монгол хэл мэдэхгүй. Англи хэлний сургалттай сургуульд оруулъя гэхээр төлбөр нь тэнгэрт хадчихаж Одоохондоо эдийн засгийн эх үүсвэргүй болохоор хэцүүхэн л байна. Харин бага охин маань цэцэрлэгийн насных. Одоо хоёр ой гарантай. Нигерит бол хүүхэд хоёр настай- гаасаа сургуульд ордог. Бэлтгэл ангид гурван жил сураад таван настайгаасаа нэгдүгээр ангид элсдэгюм.
-Охид чинь Монгол Улсын иргэн болсон уу?

-Том охин маань Монголд төрсөн болохоор Монголын иргэн. Харин бага охин маань Нигерит төрсөн ч одоо Монголын иргэн бопсон.

-Одоо та гурав  хаана амьдарч байна вэ?

-Гэртээ байгаа. Би өрх толгойлсон змэгтэй гэдэг утгаар үр хүүхдүүдээ асран халамжлах өндөр үүрэг, хариуцлага надад бий. Эх орондоо ирсэн чинь ирээдүй маань тун гэгээлгээр харагдаж байна. Ажил хийж, хөдөлмөрлөж, ар гэрээ авч явна гэдэгтээ итгэлтэй байгаа. Би бол жирийн нэгэмэгтэй. Тиймээс миний талаар ямар нэгэн үндэс- лэлгүй, буруу ташаа мэдээлэл битгий цацаасай гэж бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсмээр байна. Миний нэр хүндэд болон гэр бүлийн маань асуудалд оролцохгүй байхыг хүсье.

-Манай охид эмэгтэйчүүд  гадаадын хүнтэй гэр бүл болоод сайн сайхан амьдарч байгаа нэг хэсэг байхад алдах нь олонтаа. Тиймээс харийн хүнтэй ханилахаар зэхсэн бүсгүйчүүддээ хандаж юу гэж захимаар байна?

-Гадаадын иргэн болгон муу хүн биш. Гадаадад ч гэлтгүй, монгол ч гэлтгүй хүний олон сайнтай, муутай шүү дээ. Одоо бид эрх чөлөөт нийгэмд амьдарч байна. Хүн ямар хүнтэйгээ гэр бүл болох нь өөрийнх нь сонголт. Өөрсдөө хүнээ сайн таних хэрэгтэй. Тиймээс хүний хувийн сонголтод оролцох зрх надад байхгүй. Харин миний хувьд гадаадад идээшихгүй юм билээ. Өөр соёл иргэншилтэй орчинд очиход надад хүндрэлтэй байсан. Ээжийгээ болоод төрсөн эх орноо санагалзаад хэцүү юм билээ. Тиймээс монгол бүсгүйчүүддээ хандаад хэлэхэд нутаг нэгт хүнтэйгээ л суусан нь дээр гэж бодож байна. Манай монголчууд шиг сайхан сэтгэлтэй, ноён нуруутай, хүнлэг, энэрэнгүй хүн хорвоо дээр ховор юм билээ.

Эх сурвалж: М.МӨНХЦЭЦЭГ