2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Цэрэг татлагын талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт "Үндсэн хуулиар хүлээсэн иргэний хугацаат цэргийн алба хаах үүргийн дагуу 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагаа нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд тогтоосон байруудад тавдугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд явагдахаар боллоо.

Энэ удаад хилийн болон дотоодын цэргийн ангид хугацаат цэргийг татна. Хугацаат цэргийн албаны өмнө орон даяар оюутан цэргийн татлага явагдаж, Засгийн газрын шинэ тогтоолоор 1, 2, 3 дугаар дамжааны оюутнуудыг хамруулсан учраас төгсөх ангийн оюутнуудыг чөлөөлсөн.

Цэргийн насны залуус найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно. Халдварт сүрьеэ болон ДОХ, тэмбүү өвчний сорилыг тавьж, оношилно.

2024 оны нэгдүгээр ээлжид цэрэгт татагдсан залуус маргааш халагдаж ирнэ. Эдгээр залуусыг хүндэтгэн хүлээн авч уулзаж, ажлын байранд зуучилна.

Цэрэг татлагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалъя" гэж мэдээллээ.

Цэрэг татлагын байранд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, диплом зэрэг бичиг баримтыг авч очно.

2025 оны тавдугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд цэрэг татлага зохион байгуулах байрууд:

  1. Баянгол дүүргийн 96-р сургууль,
  2. Баянзүрх дүүргийн 14-р сургууль,
  3. Сүхбаатар дүүргийн 3-р сургууль,
  4. Сонгинохайрхан дүүргийн 83-р сургууль,
  5. Чингэлтэй дүүргийн 5-р сургууль,
  6. Хан-Уул дүүргийн 34-р сургууль дээр тус тус цэрэг татлага зохион байгуулагдана.