Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж, хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэх асуудлыг УИХ-д оруулах талаар хэлэлцсэн байна.

Засгийн газрын гишүүдийн дунд санал хураалт явуулж, 100 хувийн дэмжлэгтэйгээр Засгийн газарт итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

Энэ талаар Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч "Засгийн газар хамтрахдаа гурван нам гэрээ байгуулсан. МАН-ын бага хурал бол зөвхөн тухайн намын төлөөллийн төв байгууллагын шийдвэр юм. Ерөнхий сайдыг УИХ-аар томилсон. Тиймээс огцрох эсэх асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлнэ" хэмээн мэдээлэл өгөв. 

Үндсэн хуульд зааснаар "Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ.

Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" гэжээ.