С.Ганбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан УИХ-ын гишүүн гэх үндэслэлээр охиныг минь Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хассан байна хэмээн мэдэгдсэн байна. Тодруулбал тэрбээр,

"Хүүхэд ямар буруутай вэ Ерөнхийлөгч өө?

Хайртай охин минь нийслэлийн 130-р дунд сургуулийг төгсөж МУИС-ийн биологийн ангид элсэн орсон билээ. Намар хичээл эхлээд удаагүй байхад Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт тэнцсэн тухай мэдээ авч, аав ээж, ах дүү, ачит багш нараа баярлуулан бахархуулж байсан нь саяхан.

Үеийн олон найзуудтайгаа хамт өвөлжин бэлтгэл хийж IELTS-ийн шалгалт өгч, олон шилдэг сургуулиудад хүсэлт явуулсны дотроос дэлхийн шилдэг 100-н сургуулийн 33-т жагсаж байгаа НЬЮ ЙОРК-ын их сургуулийн Шанхай дахь салбарт суралцах эрх авсан билээ.

Гэтэл бяцхан охины минь амьдралд анхны хүнд цохилт ааваас нь болж ирсэн нь харамсалтай. Аав ээж хоёр нь охиноосоо уучлалт гуйя. Бэлтгэлээс нь хасах болсон мэдээг сонсгохдоо багш нарт нь хүртэл хэцүү байсан, маш их уучлалт гуйж охиныг минь өрөвдөж байсан та нарын буруу юу байхав дээ, харин ч сэтгэлийн дэм өгч байсанд нь талархъя.

Охин минь хэдий ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрөөс хасагдсан ч өөрийн хүч чадлаар авсан сургуульдаа явна. Учир нь өөрийн чадлаар НЬЮ ЙОРК-ийн их сургуулиас 63000$-н тэтгэлэг авсан юм.

Чамаараа ээж нь үргэлж бахархдаг.

Жич: Хасах болсон шалтгаан нь аав нь УИХ-ын гишүүн учраас гэж хэлсэн гэсэн. Албан ёсоор ийм зүйл заалт зөрчсөний учир хаслаа гэсэн бичиг өгөөгүй. Гэхдээ хамгийн хачин нь тийм хууль журам байгаа бол яагаад анхнаас нь, намар ороход нь хасахгүй бүтэн жил явуулчхаад одоо хасаж байгаа юм бэ?

Яагаад хүүхдээр тоглож байгаа юм бэ?

Хүүхэд ямар буруутай вэ" гэжээ.

Тэгвэл түүний энэ байр суурийн талаар УИХ-н гишүүн А.Ариунзаяа дараах тайлбарыг өгсөн байна.

Өөрийн баталсан хууль өөрт (хүүхдэд) нь үйлчлээд ирэх цаг дор нийгмийг талцуулах мэдэгдэл хийх нь зохисгүй.

С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь С.Ганбаатар гэдэг хувь хүндээ биш, харин УИХ-ын гишүүний ажил албан тушаалтай нь л холбоотой.

2023 онд баталсан энэхүү хуулийг би хувьдаа сайшаадаггүй. Тодорхой албан тушаал эрхэлж байгаа хүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд байснаар ялгаварлан гадуурхалтад өртөж байгаа гэж үзэх үндэслэлтэй эсэхийг ЦЭЦ-д маргаан үүсгэж болох л юм.

Өнөөдөртөө бол ХУУЛЬ БОЛ ХУУЛЬ юм.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:

1/20¹ дүгээр зүйл:

"20¹ дүгээр зүйл. Улс төрд нөлөө бүхий зарим этгээдэд тавих хориглолт, хязгаарлалт

20¹.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрөөс санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байж болохгүй."