Г.Дамдинням: "Алт 3" аянаар хайгуул, эзэмшлийн зөвшөөрлийг хөнгөвчилнө
4 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрүүдийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээллээ.
Нэгдүгээрт, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Алт-3 аяныг идэвхжүүлж, хайгуул, эзэмшлийн зөвшөөрлийг хөнгөвчлөх асуудлыг хэлэлцжээ.
Хоёрдугаарт, Ойрх дорнодод үүсээд байгаа асуудал болон ОХУ-ын нийлүүлэгч талын урсгал засвартай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг хангалттай бэлтгэх хэрэгтэй гэж үзэж буй бөгөөд боломжит хэмжээнд нөөцлөхөд хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ талаар салбарын сайд Г.Дамдинням "Монгол орны эдийн засгийн тулгуур багана болсон олборлох салбар, аж үйлдвэрийг төлөөлсөн яам монгол төдийгүй дэлхий дахинд үүсээд байгаа эдийн засгийн хүнд нөхцөлд ачааны хүндийг үүрнэ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам улс орны төсвийн 33, экспортын 94 хувийг дангаараа бүрдүүлдэг. Манай салбар энэ удаад хамгийн бодит үр нөлөөтэй үйлдэл, үйл ажиллагааг хэрэгжүүлэх вэ гэдгийг та бүхэн харж байна.
Олон ажил төлөвлөж байна. Хамгийн түрүүнд уул уурхайн бодлогыг зөв зохистой авч явах бодлогыг хийх ёстой. Нэгдүгээрт, манай орны эдийн засаг овор хэмжээ ихтэй минерал болох нүүрс, жонш, төмрийн хүдэр зэрэг логистик шаарддаг минералд тогтож байна. Мөчлөг дагаж өөрчлөгддөг салбарын хувьд салбартаа төрөлжүүлэх ажлыг хийх ёстой байдаг. Өнгөт металлын салбараа дэмжих ёстой тул зөрж өсөж, буудаг тогтолцоотой учраас бодлогын суурь болгож, Алт-3 аяныг идэвхжүүлэх тогтоолын төслийг бэлтгэж байна.
Алтны үнэ өнгөрсөн оноос 36 хувиар өсөж, энэ баялгийн төлөө өрсөлдөж байгаа энэ үед манайд тушаалт буурч 16 хувиар буурсан. Дэлхийд 1 унц алтны үнэ 3300-аас дээш болчихсон. Бид бүртгэгдсэн 500 орчим тонн алтныхаа шууд олборлох боломжтой 100 тонн алтны ордыг эргэлтэд оруулах боломжийг нээх зорилго тавьж байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг авдаг, эзэмшдэг нөхцөлийг хөнгөвчилнө. Олон улсад ашигладаг хурдтай, хөрөнгө оруулагчид ээлтэй байдлаар өөрчилнө.
Хоёрдугаарт татварын босго буюу борлуулалтын хоёр шатлалт тогтолцоог олон үе шаттай болгож, хэмжээнээс хамаарсан татварын тогтолцоотой болгох тогтоолыг өргөн барина" гэлээ.