Манай хотод замын ажлууд ид явагдаж байна. Энэ онд нийслэлийн хэмжээнд олон байршилд шинээр зам барина. Мөн олон замыг шинэчилж засахаар төлөвлөөд ажиллаж байгаа.

2025 оныг нийслэл “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Ажлууд явж байна. Манай орон бусад оронтой харьцуулахад бүтээн байгуулалтын ажил хийх улирал богино. Тийм учраас энэ ажлуудыг амжиж хийх гэж хүч тавин зүтгэж байгаа. Тиймээс хотын дарга болон түүний баг хараалгаад цаашаа зүтгээд байхаас өөр арга байхгүй.

Сүүлийн үед замын ажлаас шалтгаалан хийж буй замын хөдөлгөөний түр хязгаарлалтуудад бухимдаж буй иргэд олон харагдана. Үнэндээ зам барилаа, зам заслаа гэж харааж зүхэх нь арай л хэтэрсэн зүйл харагдавч нийгмийн ааш араншингийн ерөнхий байдал ч өөрөө хүндэрсэн болохоор бид буулгандаа дув дуугүй л тал талд зүтгэцгээж байгаа.

Бид замаа барих ёстой. Энэ салбарт бүр илүү том том төслүүд хэрэгжиж байж бид түгжрэлээс гарна.

Тиймээс олон нийт зам барилаа гэж уурлах, зохисгүй үйлдлүүдээр саад болох, цахим орчинд буруу зөрүү ойлголтууд түгээх зэргээр аашлахаа болих хэрэгтэй. Манай нийгэм хэлэлцэх, эрүүл саруулаар шүүмжлэх гэдгийг мэдэхээ больсон. Зөвхөн эсэргүүцэх, мушгин гуйвуулах, хэт хардах донд идэгдсэн харагдана.

Нийгмийн маань өнөөдрийн сэтгэл зүйн төлөв байдал маш хүнд байгааг сэтгэл судлаачид ч анхааруулсаар байгаа. Монголын нийгмийн сэтгэл зүй түгшүүртэй гэж хэлж болохуйц түвшинд очсоныг тэд онцолж байна билээ. Зөвхөн цахим орчинд төдийгүй бүхэлдээ хүмүүс битүү сөрөг хандлага, дайралтууд дунд амьдарч байна. Илт сэтгэл зүйн хувьд өөрчлөлтөд орцгоож байна. Ичиж зовох, гэмших мэдрэмжүүд биднээс улам л алсарсаар…

Жишээ нь, миний өнөөдрийн сэдэв болох хотод хийгдэж буй авто замын ажлууд дээр гарч байгаа хүндрэлүүдийг сонсоод үнэхээр гайхаш төрөв. Ажил хийхэд маш төвөгтэй болж байгааг шат шатны ажилтнууд арга тасран өгүүлж байна. Зам бол маш өндөр өртгөөр хийгддэг, нарийн технологиор босдог хүнд ажил. Манай иргэд замын болц буюу хаталт гүйцээгүй, зориулалтын тэмдэглэгээ тавьчихсан, анхааруулга сэрэмжлүүлэг эргэн тойрон дүүрэн байхад л дээгүүр нь заавал машинтай давхидаг, явганаар гутлынхаа мөрийг тамгалан туучдаг гэнэ. Шөнө дөлөөр ч ажиллаж байгаа ажилчид түрхэн зуур нүдний хор гаргаад ирэхэд л гутлын мөрөө гаргаад таваргачихсан байхыг хараад уйлмаар байдаг гэж ярьцгааж байна. Хуучин бол хараа хяналтгүй мал хатаагүй зам руу орлоо гэж яригддаг байсан бол одоо малын тухай биш зөвхөн хүний тухай энд яригддаг болсныг сонсоод үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Хүмүүсийн сэтгэл зүй үнэхээр гэмтжээ. Mental Health буюу сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ийнхүү манай нийгмийн өмнө тулгамдаж буй бас нэгэн том асуудал болчихоод байгаа аж. Хатаагүй зам дээр нүцгэн хөлөөр зориуд мөрөө үлдээгээд, дэргэд нь гараараа “хохь нь” хэмээн сийлж бичээд явсан тохиолдол ч гарсан байна. Энэ бол эрүүл хүний үйлдэл биш. Ийм гаж гэмээр довтолгоонуудаас гадна замын ажлыг цахим орчинд үргэлж муулж өөлсөн, эсэргүүцсэн дайрлага хамт явна. Ажил ийм орчинд явагдаж байгаа.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ онд гол болон туслах 44 зам, гудамжийг шинэчлэн засварлахаар болсон. Өнөөдрийн байдлаар 27 байршилд зам засвар шинэчлэлийн ажил бүрэн хийгдэж, үлдсэн 17 байршилд засвар шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Авто зам, засвар шинэчлэлийн ажил 68 хувьтай явагдаж байгааг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр хэдхэн өдрийн өмнө мэдээлсэн.

Жишээ нь, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Эрчим хүчний гудамжны авто замын өргөтгөл, их засварын ажил одоо ид явагдаж байгаа. ДЦС-4-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвар хүртэлх энэ замыг 2025 оны долдугаар сарын 01-ний 23:00 цагаас хааж ажлыг эхлүүлсэн. Ирэх наймдугаар сарын 01-нд дуусна. Мөн л энэ хязгаарлалтыг цахимаар харааж загнаж байна. Үнэндээ энэ ажил гэхэд цементээр бэхжүүлсэн суурь, асфальт бетон хучилт, үерийн суваг дээр 2х4 хэмжээтэй долоон хос хоолой шинэчлэх, замын трасст орсон дулааны шугам, цахилгаан шугам, холбооны шугам шилжүүлэг, хүчитгэлийн олон ажлуудыг хамарсан цогц ажил юм шүү дээ. Маш том хөдөлмөр. Хотын зүгээс ч, гүйцэтгэх компаниудын зүгээс ч элдэв тайлбаргүйгээр урагшаа харан ажиллацгааж байна.

Ийнхүү нийслэлийн хэмжээнд авто замын засвар, шинэчлэлийн ажил эрчимтэй үргэлжилж байгаа тул зарим замыг хэсэгчлэн, тодорхой хугацаагаар хааж байгаа. Энэ их ажлын хажуугаар санаатай санамсаргүй хүндрэлүүд иргэдийн зүгээс гаргасаар байгаа тул зам хаах, шинэчлэх ажлын талаарх өдөр тутмын мэдээллийг E-Mongolia аппликейшний мэдэгдэл хэсгээр дамжуулан иргэдэд шуурхай хүргэж эхлээд байна. Одоо замын хөдөлгөөний бодит нөхцөл байдал, ачаалал ихтэй уулзваруудын талаарх цаг цагийн мэдээллийг E-Mon­golia системээр 24/7 хүлээн авах боломжтой боллоо. Үүний тулд хэрэглэгч бид “Онцлох үйлчилгээ” хэсэгт байрлах “Авто замын ачаалал” цэс рүү хандахад л болно.

Мөн авто замын хөдөлгөөний ачааллын тухай дэлгэрэнгүй мэдээллийг бол Замын хөдөлгөөний удирдлагын төвийн www.ubtraffic.mn вэбсайтаас авах боломжтой. Ингээд иргэд өөрсөддөө болон явагдаж буй ажилд хүндрэл учруулахгүйгээр зорчиход асуудалгүй шүү дээ. Ажил явж байгааг харсаар байж хараал зүхэл, элдэв хийрхэл гүтгэлэг, үгүйсгэл, хардалтаар нүдэхээ одоо зогсоомоор байна. Төлөвлөсөн замын ажлуудаас хийгдэж дууссан төслүүд олон. Бид сайн мэдээг ч хүлээж авч чадахгүй болтол эвдэрч байна.

Тухайлбал, жанжин клубын авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс нүхэн гарцын уулзвар)-ийн ажил дууссан. Тэмдэг, тэмдэглэгээ хийж зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээж, замыг хэвийн ашиглалтад шилжүүлсэн.

Шар хадны авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (Эрдэнэтолгойн уулзвараас Шархадны эцэс хүртэл)-ийн ажил дууссан тэмдэг, тэмдэглэгээ хийж зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээж, замыг хэвийн ашиглалтад шилжүүлсэн.

Денверийн гудамжны засвар шинэчлэлт (Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эргээр Их тойруу хүртэл)-ийн ажил дууссан.

Энхтайваны өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (25 дугаар эмийн сангийн уулзвараас Саппорогийн уулзвар)-ийн ажил дууссан, 0.400 км авто замын өнгө, суурь хучилт хийсэн. Үлдэгдэл 1.250 км авто замын хучилтын ажлыг долдугаар сарын 21-30-ны хооронд хийж гүйцэтгэнэ.

Парисын гудамжны авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт (Энхтайваны өргөн чөлөөнөөс Нарны зам хүртэл)-ийн ажил дуусаж, явган замын нөхөн сэргээлт хийгдэж байна.

Лааганы гудамжны авто зам (Их тойруугийн авто замаас Самбуугийн гудамж хүртэл) -ын хучилтын ажил дуусаад байна. Үнэндээ бид өөрсдөө замаа барьдаг болоод удаагүй байна. Мэдээж гүйцэтгэлийн чанарын асуудал дээр хяналт явагдана. Явагдах ч ёстой.

Өндөр технологи бүхий дэд бүтцийн ажил учраас өндөр өртөгтэй байна. Яасан үнэтэй юм. Ийм үнэтэй замыг боль гээд л манайхны зарим хэсэг орилж харагдана. Тэгэх тусам нь хийх ёстой. Замаа барьж байж бид түгжрэлийн зовлонгоос гарна. Бариад хийчихсэн байхад хэн , юу гэх юм бэ.

Тийм учраас зоригтой зүтгэ. Цахимын хараал зүхэл, хардалт сэрдэлт л нийгмийг тархиддаг өнөөдрийн байдлыг бид ажиллаж, ард нь гарч байж халж чадна. Ирээдүйнхээ төлөө өнөөдөр бид ажиллах ёстой. Өөр гарц байхгүй.

 

СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ