Ерөнхийлөгч Киргизийг зорьж, Ерөнхий сайд албан тушаалтнуудад хариуцлага тооцож ажиллахаа илэрхийлэв
8 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Халзан сумын 100 жилийн ойн баяр наадамд оролцсоныхоо дараа буюу өчигдөр Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо.
Харин Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллаж ирээд “Эрдэнэт” үйлдвэрийн харьяа хүүхдийн зусланд гарсан үйл явдалтай холбоотойгоор арга хэмжээ авч ажиллахаа илэрхийллээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд баяр наадмын өмнө хаврын чуулганыг завсарлуулж, ирэх намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдээ баталжээ.
Энэ тухай үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Ерөнхийлөгчийн Киргиз улс дахь айлчлал эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Халзан сум үүсэн байгуулагдсан баяр наадмын нээлтэд оролцон, аавынхаа нутгийн зон олонд хүндэтгэл үзүүллээ. Тэрээр Халзан сумаар овоглосон хүн бүр сэтгэл зүрхээ нэгтгэн, сумаа хөгжүүлэх үйлсэд бүх талаар хичээн зүтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Халзан сум эрдэмтэн, докторуудынхаа тоогоор аймагтаа тэргүүлдэг юм. 1925 онд Дарьгангын таван гар сүрэгтэн хошууг 18 сум болгохдоо Халзан сумыг Дорнод аймгийн харьяанд Цогбаян-Уул нэртэй байгуулсан түүхтэй. Ерөнхийлөгч үүний дараа буюу өчигдөр үгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Төрийн айлчлалын хүрээнд ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Монгол Улс Бүгд Найрамдах Киргиз Улстай 1992 оны дөрөвдүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч 2023 онд манай улсад төрийн айлчлал хийсэн билээ. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөөд байна.
Хатуу хариуцлага тооцож ажиллахыг Г.Ёндонд даалгав
Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндонтой холбогдож хүүхдийн зуслангийн нөхцөл байдал, хүүхдүүдийн эрүүл мэнд, эмчилгээний талаар тодруулж асуусан байна. Хүүхэд олноор хордлогод орсон нь хариуцлагагүй байдалтай холбоотой. Учир шалтгааныг яаралтай олж тогтоон хариуцлага алдсан хүмүүст хатуу хариуцлага тооцож ажиллахыг Ерөнхий сайд даалгалаа. Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилгаж, дахин ийм алдаа гаргахгүй байхад анхаарч арга хэмжээ авахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захиралд мөн үүрэг болголоо. Энэ сарын 18-ны байдлаар Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасагт 19, мэдрэлийн тасагт 26 нийт 45 хүн эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байна. Тэдний хоёр нь багш, дөрөв нь зөөгч, бусад нь хүүхэд байна.
Намрын ээлжит чуулганыг есдүгээр сарын 15-нд хуралдуулна
УИХ-ын 126 гишүүнтэй шинэ парламентын ес дэх бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд 144 хууль, 146 тогтоол баталсан. Үүнээс 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 66 хууль, 59 тогтоол хэлэлцэн баталж долоодугаар сарын 9-нд өндөрлөсөн. Түүнчлэн өмнө нь УИХ-ын намрын чуулганыг аравдугаар сарын 1-нд нээдэг байсан бол намрын ээлжит чуулган эхлэх хугацааг наашлуулж, есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлж, төсөв хэлэлцэх хэлэлцүүлгийн үе шатыг шинээр нэмж дөрөв байсныг таван үе шаттай болгосон юм.
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганаар Төсвийн хууль болон Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг нийт 39 хуулийн төслийг хэлэлцэх болжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 4 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 7 цагийн өмнө
SESDI80955877