Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг шаардсан иргэдийн тэмцэл "орлогоо нотол" гэсэн уриатай өрнөж байсан билээ. Түүний хүүгийн тансаглалын цаад орлого нь аав нь л байж таараа гэсэн логик энд байсан бөгөөд түүнээс жаахан банди элдэв бизнес хийгээд юм уу, магадгүй койноор баяжсан гэдэгт зусарч Э.Ариунзаяагаас өөр итгэх эрүүл хүн байгаагүй.

Иймээс ч АТГ-ын өчигдөр гаргасан мэдэгдэл Монгол Улсын Ерөнхий сайд асан, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хүү иргэн О.Тэмүүлэн нь ямар нэг бизнес хийгээгүй, аавынхаа хувь эзэмшдэг компаниас  300 сая төгрөг авсан болохыг л нотолсон юм. 

 

Түүнээс бус Л.Оюун-Эрдэнэ ямар нэг гэм буруугүй гэсэн үг, үсэг, логик огт байхгүй.

 

Харин ч “Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нарт холбогдох асуудалд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаагаа зарласан байв.

 

Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнийн хувь эзэмшдэг компаний орлого хууль ёсных эсэхийг шалгах нөр их ажил дөнгөж эхэлж байна. 

 

“Херо энтертайнмент групп” ХХК-ийн орлоготой холбоотой, Б.Баатар, А.Амундра нарын үйлдэлтэй холбоотой хууль бус үйлдэл илэрвэл Л.Оюун-Эрдэнийг лавшруулан шалгах нь ч тодорхой болж буй юм.

Товчхондоо бол Л.Оюун-Эрдэнийн орлогыг шалгаж дуусаагүй, дөнгөж эхэлж байна.

 

Э.Мягмар

сонин.мн