Ж.Золжаргал: Экспортод эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргавал орлогын татвараас 100 хувь чөлөөлөх хэрэгтэй байна
18 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ж.Золжаргалтай татварын бодлогын асуудлаар ярилцлаа.
-Татвар буурна гэсэн хүлээлт нийгэмд байгаад байна. УИХ дээр ажлын хэсэг гарсан гэсэн, сүүлийн үед чимээгүй болчихлоо. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Бусад улстай харьцуулахад Монголд татвар бага гэж ярьдагтай би санал нийлдэггүй. Яагаад гэвэл газар зүйн байршил, дэд бүтцийн нөхцөлөөс үүдээд манайд үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулахад угаасаа өндөр өртөгтэй байдаг. Энэ сул талыг саармагжуулж эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд татварын хөнгөлөлттэй орчин шаардлагатай. Түүнээс биш өөр нөхцөлтэй улс орнуудтай харьцуулах нь өрөөсгөл. Гишүүний хувиар үйлдвэрлэлийг дэмжих агуулгатай саналаа таны яриад байгаа ажлын хэсэгт гаргаж өгсөн. Сангийн яамнаас боловсруулсан татварын багц хуулийн төсөлд НӨАТ болон орлогын албан татварыг шаталж тогтоох, босгыг нэмэгдүүлэх санаанууд тусгагдсан байна лээ.
Миний хувьд эдгээрээс гадна бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргавал орлогын татвараас чөлөөлөх шаардлагатай гэж үздэг. НӨАТ-ыг мөн нийтэд нь 5 хувиар тогтоох нь илүү оновчтой, хувь хүний орлогын татварыг тодорхой босго хүртэл 1 хувиар тогтоох нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Орлогын татвараас чөлөөлчихөөр улсын төсөв яаж бүрдэх билээ?
-Эцсийн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрүүд шинээр баригдахгүй бол тэдний төлөх татвар угаасаа төсөвт орж ирэхгүй. Өөрөөр хэлбэл, байхгүй юмыг харамлах хэрэггүй, чөлөөллөө гээд алдах зүйлгүй. Технологи эзэмшинэ, хүмүүс цалин авна, нийгмийн даатгал төлнө, хамгийн гол нь валют олж ирнэ, төгрөгийн ханш сайжирна. Аж үйлдвэрлэл хөгжинө. Хүн хөгжинө.
Уул уурхайн болон малын түүхий эдийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргавал үйл ажиллагаа эхэлснээс хойш экспортолсон бүтээгдэхүүнд ногдох орлогын албан татвараас эхний 10 жилд 100 хувиар, дараагийн 10 жилд 50 хувиар буюу нийт оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувь хүртэл хэмжээгээр чөлөөлөх саналыг би УИХ-ын гишүүний хувиар хүргүүлсэн.
Одоо түүхий эдийг хил гаргаад БНХАУ-д боловсруулах нь илүү ашигтай байгаа учраас л Монголд боловсруулах үйлдвэрлэл хөгжихгүй байгаа. Бидэнд давуу байдал олж авах ганц арга нь татвараа багасгах. Бид Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр хийсэн. Ервоазийн эдийн засгийн холбоотой саяхан бас хийчихсэн. Уг нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гаргадаг улсад хэрэгтэй болохоос түүхий эд зардаг улсад тийм ч ашигтай зүйл биш. Нэгэнт орсон бол бид түүхий эдээ боловсруулж экспортолж байж ашиг хүртэнэ. Тэгэхээр БНХАУ, ОХУ зэрэг улсуудын үйлдвэрүүдтэй яаж өрсөлдөж чадах вэ? Манай давуу тал бол нэгдүгээрт, өөрийн түүхий эд, хоёрдугаарт, харьцангуй хямд эрчим хүч, гуравдугаарт, татварын хөнгөлөлттэй орчин бий болгох явдал юм. Их нарийн технологи биш юм гэхэд эрчим хүчний зарцуулалт өндөртэй байгалийн түүхий эд ашигладаг барилгын материал, дулаалгын материал, бетон хийц, төмөр бэлдэц, ган, ган хийц, алтнаас бусад цэвэр металл, цаашилбал нүүрснээс гаргаж авах хуванцар, химийн бүтээгдэхүүн малын гаралтай түүхий эдээс гаргаж авах бүх төрлийн эцсийн бүтээгдэхүүнүүд бол манай давуу тал байж чадна.
–Одоо ч үйлдвэрүүд байгаа. Татвар хөнгөллөө гээд экспорт нэмэгдэх үү?
-Нэмэгдэнэ. Яагаад гэвэл яг одоо үйлдвэрлэлийн ашиг муу байна. Бас бидний мэдлэг, менежмент, технологийн түвшин ч хангалтгүй байгаа байх. Татвараас чөлөөлөөд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг Хятадын, Оросын, Төв Азийн зах зээл рүү гарах боломж бүрдүүлмээр байна. Ухаандаа Монголын түүхий эдийг боловсруулаад Хятадын далай мэт зах зээл руу гаргавал орлогын татвар төлөхгүй юм байна гэж ойлговол өрнөдийн, дорнодын хөрөнгө оруулагчид технологитойгоо орж ирнэ гэсэн үг. Тэд нар Монголд ирж мөнгө хийг. Монголчууд ч бас мөнгө хийг. Мөнгө олоод эргэлт хурдасвал малын тоо ч буурна, бэлчээр ч сайжирна. Нөгөө яриад байдаг гуравдагч хөршийн бодлого ч мөнгөний эргэлт бий болгож байж бодитой болно. Ер нь ийм өөрчлөлт хийхгүй бол Монгол шиг газарзүйн байршилтай улс хоцрогдсон хэвээр л үлдэнэ. Үйлдвэрлэлийг дэмжинэ гэж уриа ярихын оронд шууд татварыг хөнгөлөх хэрэгтэй. Гэхдээ экспортод гаргавал. Түүхий эд бол угаасаа гарч л байгаа, тийм болохоор түүхий эдийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортолбол татвараас чөлөөлчих хэрэгтэй байна.
Манайд Аж үйлдвэрийн паркийн тухай хууль бий. Бодлогоор дэмжинэ, дэд бүтэц төсвөөс барьж өгнө, гааль, НӨАТ хойшлуулна, ингэнэ тэгнэ гээд. Гэхдээ хангалтгүй байна. Хоёрт паркийн зохион байгуулалттай бүх төслүүдийг уях шаардлагагүй. Хятадад паркууд том төлөвлөлтөөр сайн хөгжсөн байдаг. Гэхдээ тэдний тогтолцоо өөр, дэд бүтэц өөр, зах зээл нь өөр. Хуучин социалист блокийн улсуудаас жишээ болговол Польш байна. Тэнд жишээ нь, экспортод чиглэсэн үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалтын 40-60 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр орлогын татвараас чөлөөлдөг. Үр дүнд нь соц нийгэм шилжих үед дотоодын нийт бүтээгдэхүүн нь 60 тэрбум доллар байсан бол өнөөдөр 900 тэрбум дөхөж байна. Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ 25 тэрбум доллар орчим л байна. Үндсэндээ боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт л үсрэнгүй хөгжлийг авчирна.
-НӨАТ болон хувь хүний орлогын татварын хувьд гаргасан саналаа тайлбарлана уу?
-Нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулж, нийтэд нь 5 хувиар тогтоовол нийт дүнгээрээ төсөвт төвлөрүүлэх орлого нэмэгдэж, татвар төлөгчдөд ч ашигтай тусна гэдэг дүгнэлтэд бид зөвлөхүүдийнхээ хамтаар хүрсэн. Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн НӨАТ буцаан олголт, урамшуулал, цахим системийн бодлогын үр дүнд НӨАТ-ын төлөлт нэлээд нэмэгдсэн. И-баримтын тоо жилд 1 тэрбум даваад байна. Энэ тоо цаашид нэмэгдэх боломжтой. Гэхдээ зарим нь төлөөд зарим нь төлөхгүй байгаа үүнд саад болж байна. Эцсийн дүндээ хөнгөлсөн ч хэрэг биш төлж байгаа нь дээрээ нэмэлт ачаалал үүсгэдэг. Бизнесийн харилцаанд ч хүндрэлтэй. Нийтэд нь багасгавал НӨАТ-тай, НӨАТ-гүй үнээр арилжаа хийх, борлуулалтаа тайлагнахгүй нуух, баримт хуурамчаар үйлдэх зэрэг шаардлагагүй болно. Цахим баримтын тоо нэмэгдэнэ, төсвийн орлого өснө, далд эдийн засаг багасна.
Та сонссон байх, НӨАТ-ын суутган төлөгчөөр бүртгэх босгыг 400.0 сая төгрөгөөр тогтоох хувилбар яригдаж байгаа. Ингээд шийдсэн тохиолдолд босгоос доош орлоготой этгээдийн борлуулалтын үнийн дүнд НӨАТ шингэсэн гэж үзэж НӨАТ суутган төлөгчид ногдох дүнгээс хасах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, НӨАТ-гүй авсан түүхий эдээ ашиглаж үйлдвэрлэл явуулаад НӨАТ төлөх нэмэлт ачаалал буурна. Жижиг бизнес эрхлэгчийн үйлчилгээ НӨАТ-гүй биш “тэг” хувийн төлөлттэй байна гэж хялбаршуулан ойлгож болох байх.
Хувь хүний орлогын татварын хувьд, та боддоо, таны цалингаас 10 хувийн татвар авчхаж байгаа. Гэтэл та аж ахуйн нэгж юу бүртгүүлээд явбал жилийн 300 сая төгрөг хүртэл орлогод 1 хувийн татвар ногдуулах боломж хуулиар олгогдсон. Шударга бус байгаа биз дээ? Ийм учраас хувь хүний орлогыг ч бас жижиг аж ахуйн нэгжтэй дүйцүүлж жилийн 300 сая төгрөг хүртэл хэмжээнд 1 хувиар, түүнээс давсан орлогод 10 хувиар ногдуулах саналыг хүргүүлсэн. Бас иргэн түрээслэх бус өөрөө амьдрах зорилгоор орон сууц худалдаж авахад төлсөн ипотекийн зээлийн хүүгийн хэмжээгээр албан татвараас чөлөөлөх нь зохистой гэж үзэж байгаа. Эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх нь төрийн бодлого учраас ядаж тэр хүүгийн хэмжээгээр татвар авахаа больчих хэрэгтэй шүү дээ. За тэгээд татварын тэгш бус байдалтай холбоотой нарийн ширийн зүйлс мэргэжлийн зөвлөхүүд гарган тавьсныг мөн албан бичгээр хүргүүлсэн.
-Таны саналууд дэмжигдэх болов уу? Хэзээ өөрчлөгдөх бол?
-Би бодохдоо Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, УИХ-ын гишүүдийн хэлж ярьж байгаа зүйлсийн дийлэнх нь татварыг бууруулах, аж үйлдвэрийг дэмжих, эдийн засгаа олон төрөлт болгоход чиглэсэн гэж бодож байгаа. Үнэхээр тийм л бол татварын ачааллыг хөнгөлөх л ёстой.Та мэдэж байгаа, энэ парламент бүрдсэн цагаасаа л төсөв яриад эхэлсэн. Цаашдаа төсвийн зарцуулалтыг элдэв эргэлзээтэй төслүүдэд биш хүндээ, цалин тэтгэвэртээ, боловсрол, эрүүл мэнддээ түлхүү зарцуулж харин эдийн засгийн өсөлтийг бол төсвөөс биш хувийн хэвшлийн санаачилгатай, бүтээлч хүмүүсийн үйл ажиллагаа бий болгодог чиглэл рүү явах цаг нь болчихсон. Тэгэхээр татварын ачааллыг бууруулах өөрчлөлтүүд хийгдэнэ л гэж бодож байна. Ижил бодолтой хүмүүстэй нэгдэж хэрэгжүүлэхийн төлөө явна.
Зочин · 17 цагийн өмнө
BOOW XXNO80955877ANUSDI