Бээжин хотын Цаг уурын газраас мэдээлснээр, өнөөдөр буюу 8 дугаар сарын 04-ний өдрийн үдээс хойш хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа бөгөөд тус хотын Мэньтоугоу, Фаншань, Фөнтай, Шижиншань, Хуайроу болон Чанпин дүүргүүд үер усны улаан түвшний сэрэмжлүүлэг гаргаад байна.

Мөн 8 дугаар сарын 04-ний орой 18:00 цагаас 05-ны үүрийн 05:00 цагийн хооронд хамгийн хүчтэй хур тунадас бууж болзошгүй байгаа тул энэ хугацаанд зарим бүс нутагт 6 цагийн дотор хур тунадасны хэмжээ 150 мм-ээс давж, зарим цэгт 200 мм-ээс давах төлөвтэй байна.

Уулын бэл, намгархаг бүсээр усан үер, шавар болон чулууны нуранги, хөрсний гулсалт зэрэг байгалийн гамшиг тохиолдох өндөр эрсдэлтэй байна.

Харин нам дор газарт усанд автах нөхцөл байдал үүсч болзошгүй тул БНХАУ-д ажиллаж, амьдарч байгаа болон тус улс руу зорчих иргэд Та бүхэн эрсдэл бүхий бүс нутгаар зорчихгүй байхыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна.