Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Ази тивийн шилдэг 16 улсын өсвөрийн сагсчид чуулж, ирэх онд Турк улсад болох U17 ангиллын ДАШТ-д оролцох эрхийн төлөө өрсөлдөх гэж байна.

8 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 31-ээс эхлэн 9-р сарын 7-ны өдрийг дуустал “М Банк” арена болон “Буянт Ухаа” спортын ордонд зэрэг явагдах ба Монгол улсын шигшээ багийн хөвгүүд анх удаа тивийн аваргад хүч сорих юм.

Манай шигшээ баг “C” хэсэгт урд хөрш БНХАУ болон БНСУ, Малайзын багуудтай учраа таарсан бөгөөд Ц.Азбаяраар ахлуулсан дасгалжуулагчдын баг одоогоор өргөтгөсөн бүрэлдэхүүндээ нийт 16 тоглогчийг дуудаж, үүнээс 12 нь үндсэн багт тоглоно гэдгийг холбооны зүгээс мэдэгдсэн.

БНХАУ энэхүү тэмцээнд 6 удаа оролцохдоо 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаараа бүх улсыг тэргүүлдэг бол БНСУ 1 алт, 2 мөнгөн медалиас гадна нэг ч тэмцээн алгасаагүй хүчирхэг багуудын нэг. Харин Малайзын шигшээ 6 удаа оролцож байсан туршлагатай ба 2013 онд 9-р байрд бичигдсэн нь тэдний хамгийн сайн үзүүлэлт ажээ.

Уг тэмцээний хагас шигшээд шалгарсан 4 баг 2026 онд Турк улсын нийслэл Истанбул хотод зохиогдох U17 ангиллын ДАШТ-д оролцох эрхтэй болно.

Үзэгч та бүхэн эх орондоо явагдах ФИБА U16 ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Премьер Спортс телевизээр албан ёсны онцгой эрхтэй хүлээн авч үзээрэй.