Увс аймгийн 100 жилийн ойн баярын үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн телевизэд өгсөн ярилцлагадаа "Өөрийн багцаасаа 2 тэрбум төгрөг зарцуулсан" хэмээн ярьсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан.

Тэгвэл уг асуудалд тэрбээр өнөөдөр "Улсын төсвийг Увс аймгийн наадамд зарцууллаа гэсэн гүтгэлэг явсанд харамсаж байна. Наадмын талбай биш. Улаангом сумын 2,4,11 дүгээр багийн цахилгаан хангамж байсан. Цөөн хүмүүс харлуулах ажиллагаа явуулж байна" гэлээ.

Тэрээр, "Увс аймгийн 100 жилийн ой 2025 онд тэмдэглэн өнгөрүүлэх нь ойлгомжтой байсан. Би 2008 оноос хойш Увс аймгаас 5 удаа УИХ-д сонгогдсон. Тиймээс 100 жилийн ойг зохион байгуулах гар бие оролцсон. Мөн 2009 онд би Увс аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн даргын албан тушаалыг авсан.  Би ийм ажил гүйцэтгэдэг. 

100 жилийн ойг зохион байгуулахад хоёр зорилго тавьсан. Эхнийх нь мэдээж тойргоос сонгогдож, саналыг нь авчихсан юм чинь ард түмэндээ үйлчлэх цаг гэдгээ ухамсарлаж байсан. Хоёрдугаарт ойг одоо тохиолдуулаад нутгаа сурталчлаад авъя гэсэн юм. 

Сүүлийн жилүүдэд манай аймагт гадаад, дотоодын аялал жуулчлал нэлээд чухал байр суурь эзэлдэг болсон. ДНБ-д оруулж буй хувь нэмэр, эдийн засаг болон иргэдийн амьжиргаанд үзүүлэх нөлөө нь мэдэгдэхүйц хэмжээнд хүрч байна. Тиймээс энэ удаагийн ойг тэмдэглэхдээ зөвхөн баяр ёслол хийгээд зогсохгүй нутгаа сурталчлах, аялал жуулчлалын дэд бүтцийг зэрэг шийдье гэсэн зорилготой. 

Ойг тэмдэглэх ажилд хувийн хэвшлийн оролцоо өндөр байсан. Тухайлбал, Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид, угсаа гаралтай иргэд нийлээд 11 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан. 3000 орчим хандивлагч оролцсон байгаа. Эдгээр хандив нь ойн урсгал зардал, зохион байгуулалтын зардлыг санхүүжүүлэхэд ашигласан. 

 

Мөн ойтой холбоотойгоор бүтээн байгуулалтын ажлууд хийсэн. 2023 оноос хойш 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил эхэлсэн бөгөөд зарим нь ойн өмнө амжиж дуусахгүй шинжтэй байсан. Тиймээс бид компаниудтай уулзаж, ажил гүйцэтгэлийг урагшлуулах хүсэлт тавьсан. Энэ үнэн.

 

Нэг зүйлд хүлцэл өчих хэрэгтэй байна. Би сүүлийн хэд хоног нойргүй, бэлтгэл ажилд оролцож, ядаргаатай явж байхдаа “миний төсөв”, “миний багц” гэж ярьчихсан. Үнэндээ бол энэ нь Эрчим хүчний сайдын багц гэсэн утгатай. 

Энэ хүрээнд Увс аймгийн Улаангом сумын 2, 4, 11 дүгээр багт хэд хэдэн ажил хийж гүйцэтгэсэн. Нэгдүгээрт, “Баруун тойргийн авто зам” нэртэй 2 км гаруй урттай замын ажил. 3.6 тэрбум төгрөгийг 2024 оны улсын төсөвт суулгаж, ажлыг эхлүүлсэн. Энэ нь ойг угтан 90 хувьтай ашиглалтад орсон.

Хоёрдугаарт, дээрх багуудын цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэсэн. Өмнө нь хүчдэлийн уналттай холбоотойгоор “цай буцалтгүй” гэх зэрэг гомдол тасрахаа байсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд миний бие Увс аймаг буюу 2-р тойргоос сонгогдсон гишүүний хувьд 2 тэрбум төгрөгийн хөрөнгийг улсын төсөвт тусгуулсан.

Энэхүү төсөл нь Эрчим хүчний сайдын багцын хүрээнд, эрчим хүчтэй холбоотой тул тэнд суусан юм. Тендерийг Худалдан авах ажиллагааны газар зарласан бөгөөд өрсөлдөөний үр дүнд гүйцэтгэлээрээ 1 тэрбум 851 сая төгрөгөөр хийгдсэн. Би өөрөө “миний багц” гэж хэлсэндээ уучлал хүсэж байна. Ядаргаатай үедээ андуурч хэлсэн хэрэг.

2025 оны долоодугаар сарын 30-нд Монголын үндэсний телевиз болон TV9-д ярилцлага өгсний дараа зарим мэдээллийг мушгиж, гуйвуулсан зүйл гарсан. Гэвч үнэндээ энэ 2 тэрбум төгрөг бол тухайн ойн арга хэмжээ, цаашдын аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд хийсэн, цаашид үргэлжлэх ажил юм" гэлээ.