Боловсролын яамнаас 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварын цамцыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт хувцасны нэр төрөлд оруулсан.

Хүүхдийн хөдөлгөөн өсөлт хөгжилтийг үл хязгаарласан, эрүүл мэнд, Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон байдлаар стандарт шаардлагыг шинэчлэх саналыг Боловсролын ерөнхий газраас боловсруулан Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлжээ.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч дүрэмт хувцастай байна” гэж заасан.

Засгийн газрын 2013 оны “Сурагчдын дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай” 250 дугаар тогтоолоор 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн орон даяар нэг загварын дүрэмт хувцсыг өмсөж эхэлсэн билээ.  

Нэгдсэн загварын дүрэмт хувцас өмссөнөөр сурагчдад хувцаслах соёлыг төлөвшүүлэх, суралцагчдын амьдралын түвшин, хот хөдөө, сургууль хоорондын ялгааг арилгах, оёдлын салбарт ажиллагсдын тогтвортой ажлын байр, улс орны эдийн засаг, татвар... зэрэгт ач холбогдолтой.

Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч "Бүтээлч үйлс", "Шилмэл загвар", "Өүлэнменч", "Торгон хийц", "Төмөр трейд", "Эрдсүлж", "Шүтэн уул" ХХК гэсэн найман компани кластерын схемийнхээ дагуу хариуцсан аймгуудын гэрээт борлуулалтын цэгүүдээр дүрэмт хувцсыг хэрэглэгчдэд хүргэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Чанаргүй, тавигдах шаардлага /СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС. ТЕХНИКИЙН ШААРДЛАГА MNS6814:2019/-д нийцээгүй, импортын бүтээгдэхүүнээс аль болох татгалзахыг тус газраас анхааруулав.