Цалингаа нэмэгдүүлэхээр жагсаж буй багш нарын төлөөлөлтэй Боловсролын сайд П.Наранбаяр уулзаж, санал солилцлоо.

Энэ үеэр Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар “2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс багш нарын цалинг хэдэн хувиар нэмэгдүүлэх юм.

Мөн орон сууцны дэмжлэг үзүүлнэ гээд хуулинд заачихаад, энэ хууль нь хэрэгжиж эхлээд 2 жил болж байхад багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй хэвээр байна.

Азийн хөгжлийн банкнаас 150 сая ам.долларын зээл авчихаад хувийн сургуульд өгөх гэж байна. Хулгайлсан нүүрсний мөнгөөрөө багш нарт орон сууц барьж өг. Цалинг нэг удаад 50 хувиар нэмэх биш, жил бүр 50 хувиар нэмэгдүүлж 1000 ам.долларт хүргэ. Гүйцэтгэлийн үнэлгээ гэж дампуу юмаа боль. Үндсэн цалингаа нэм. Өнөөдөр улсын сургуулиуд нийгмийн даатгалд өртэй, багшийн эрүүл мэндийн зардал тавигдаагүй байна. Хичээл сургууль эхлэх гэж байхад энэ асуудлаа цэгцэлж чадахгүй юм бол монголын багш нар гудманд гарна. Ажлаа хаяна” гэв.

Багш нарын төлөөллөөс “Хүүхдийн тоог хэзээ стандартад барих вэ. Багш нар 35-аас дээш хүүхэд авахгүй. Би 30 жил цэцэрлэгийн багш хийж байна. Гэтэл гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг буруу үнэлэмжийн тогтолцоогоо болихгүй бол 2 жил мэргэжлээрээ ажиллаж байгаа залуу багш 1-р зэрэгт үнэлүүлж, 30 жил уйгагүй ажилласан багш болохоор 4-р зэрэгт ч хүрч үнэлэгдэхгүй байна. Энэ мэт буруу тогтолцоогоо болмоор байна. Багш нарын тэтгэмж 36 сартай тэнцэх нь хэвээрээ байгаа юу. Хэрвээ цаашид байхгүй бол энэ албанд ажиллах хүн байхгүй” гэв.

Боловсролын сайд П.Наранбаяр: Азийн хөгжлийн банк юу боллоо гэж хувийн сургууль барьсан юм бэ. Хүний ой тоонд багтах юм ярьж, хариуцлагагүй мэдээлэл хийхгүй байхыг шаардаж байна. Цалингийн асуудал дээр нэмэх ёстой гэдэгт санал нэг байна. Өнгөрсөн жил 6 хувь нэмсэн. Энэ хангалтгүй. 20 хувь нэмэгдүүлэхэд 506 тэрбум төгрөгийн эх үүсвэр хэрэг болно. Эх үүсвэрийг нь хэрхэн олох вэ гэдэг асуудал л яригдана. УИХ дээр ирэх оны төсөвт хэлэлцэж байж л шийдвэрлэх асуудал. 1800-аас дээш хүүхэдтэй сургуульд хичээл явуулах үнэхээр хэцүү. Багасгах бодлого барина. Гүйцэтгэлийг бүрэн алга болгохгүй" гэсэн юм.