2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн гурав, дөрөвдүгээр ангид англи хэлний нэмэлт хөтөлбөрөөр долоо хоногт хоёр цагаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Англи хэлний нэмэлт хөтөлбөрийн сурах бичигт монгол ахуй, соёлтой холбоотой агуулгаар баяжуулан тохируулга хийж, хэвлэж хүүхдийн тоогоор нийлүүлэхэд бэлэн болжээ.

2024-2025 оны хичээлийн жилд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, соёл, уламжлалд нийцүүлэн олон улсын мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулсан англи хэлний цогц хөтөлбөрийг 105 сургуулийн 3-4 дүгээр ангид туршсан. Туршилтад нийслэлийн 37, аймгийн төв, сумын 67 сургуулийн 3-4 дүгээр ангийн 37 мянган суралцагч хамрагдаж, ярих, сонсох, унших, бичих анхан шатны ур чадвар эзэмшжээ.

Туршилтаар гурав, дөрөвдүгээр ангид заах англи хэлний хөтөлбөрийн тохирц, зохион байгуулалтын хэлбэрийг тохируулж, баталгаажуулсан бөгөөд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс англи хэлний хөтөлбөрийг гурав, дөрөвдүгээр ангид хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэсэн байна.