2025 оны есдүгээр сарын 16-нд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ /ЦДҮС/ ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын Тээвэр механикийн хэсгийн жолооч Цэдэн-Очирын Мөнхжаргал ажил үүргээ гүйцэтгэж явахдаа тогонд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Харин тус ажилтан ажлын байран дээрээ тогонд цохиулж нас барсныг зүрхний шигдээсээр нас барсан болгож өөрчилж, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-өөс гарсан мэдэгдэлд гэр бүлийн зүгээс гомдолтой байгаагаа илэрхийлэн хэвлэлд ханджээ. 

Тодруулбал, ЦДҮС ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын тээвэр механикийн хэсгийн тусгай зохицуулалтын машины жолоочоор ажиллаж байсан Ц.М энэ сарын 16-ны өдөр ажлын байран дээрээ машинтайгаа тогонд цохиулж, улмаар амь насаа алдсан хэрэг гарчээ.

Хэргийн газар цагдаагийн байгууллагаас ажилласан байна. Мөн есдүгээр сарын 17-нд Сэлэнгэ аймгаас шүүх шинжилгээний баг цогцост задлан шинжилгээ хийхээр Сайхан суманд очжээ. Задлан шинжилгээний дараа эмч нар ар гэрийнхэнд нь эхний байдлаар зүрх нь хаагдсан гэх дүгнэлт танилцуулсан байна.

Тиймд амь хохирогчийн эхнэр “Тогонд цохиулсан хүнийг зүрхний шигдээсээр нас барсан болгосонд гомдолтой байна” хэмээн хэвлэлд хандаад байна.

Одоогоор шүүх шинжилгээний байгууллагаас албан ёсны дүгнэлт гараагүй байгаа бөгөөд талийгаачийн ар гэр үнэн зөв мэдээлэл олон нийтэд хүрнэ гэж найдаж буйгаа хэлжээ.

Харин дээрх хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад, "Есдүгээр сарын 16-нд энэ талаарх дуудлага мэдээлэл Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт бүртгэгдсэн байна" гэлээ.