Төрийн хамгаалалтад байдаг Их тэнгэрийн аманд байр түрээслүүлнэ гэх зар хоёр жилийн өмнө сонин хэвлэлд гарсан.

  Үүнийг  гайхах хүн цөөнгүй байсан  ч  шүүмжлэх хүн бүүр ч их байсан нь нууц биш. Өөрөөр хэлбэл  Их тэнгэр рүү орох хүн бүрийн овог нэр,  регистрийн дугаарыг  шалгадаг, төрийн тэргүүн болон түүний гэр бүлийн аюулгүй байдлыг хангадаг. Тэр ч бүү хэл Их тэнгэрийн амны ойролцоо зогсох нь хориотой байдаг. 

Тэгтэл төр засаг нь мөнгөгүй хэцүүдсэн үү, хэн нэгний шантаажинд орсон уу бүү мэд 2012 оны сонгуулийн үеэр Төрийн тэргүүний орон гэр болох Их тэнгэрийн аманд байр түрээслүүлнэ гэсэн зар сонингуудад тавигдсан байдаг.  Энэ зарын дагуу  “Их Тэнгэр” цогцолборын 24 дүгээр байрыг “Номин холдинг” ХХК түрээслэхээр болж 15-18 жилийн гэрээ хийсэн байдаг. Уул шугамдаа уг байр Монгол Улсад төрийн болон албан ёсны айлчлал хийж буй гадаад орны төр, засгийн тэргүүн, өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгч, төрийн тусгай хамгаалалтад байдаг иргэн, албан тушаалтныг байрлуулдаг байсан онцгой объект юм.  Харин "Номин холдинг" компанид түрээслүүлэх болсноор  тус компани  "Их тэнгэр"цогцолборын баруун хязгаарыг тасдан авч түүнийгээ “Номин тэнгэр” нэрлэжээ.

Улмаар гэрээний дагуу  “Их Тэнгэр” цогцолборын 24 дүгээр байрыг “Номин холдинг” ХХК-д түрээслүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд “Номин холдинг” ХХК гэрээгээ зөрчиж анхааруулга авч байсан гэдгийг эх сурвалж хэлж байсан.  Үүгээр ч зогсохгүй дахин давхар түрээслүүлж, гадаад дотоодын хамгаагүй мөнгөтэй л хүнд нь түрээслүүлж, цэцэрлэг байгуулсан гэх. Тодруулбал, уг байранд усан бассейн, фитнес өрөө, кино танхим, билльярд, хүүхдийн тоглоомын газар, албаны уулзалт  хийх танхим зэрэг дээд зэрэглэлийн буудлаас ялгаагүй хүний хэрэгцээт бүхэн байдаг бөгөөд  түрээслэгчид эдгээрийг үнэгүй ашиглах эрхтэй. Байрны сарын түрээс нэг метр квадрат нь 2500 ам.доллар бөгөөд нэг болон түүнээс дээш хугацаагаар уг байрыг түрээслүүлдэг байна. 

 "Номин холдинг"-ийн энэ байранд өндөр зэрэглэлийн цэцэрлэг ажиллах болсон. Тэрхүү цэцэрлэг мөн л түрээсийнх бөгөөд төлбөр мөнгө нь хувийн цэцэрлэгээс хэд дахин үнэтэй гэж байгаа. 

 “Номин холдинг” ХХК түрээслүүлж байхдаа гэрээгээ, хуулиа зөрчиж байсан болохоор төрийн өмчид буцааж авахаар болсон бөгөөд үүнд нь эгдүүцсэн  Ш.Баярсайхан захиралынх нь “дэвж” байгаа бичлэг өнөөдөр олон нийтэд ил болсон. 

Гэвч захирал  Ш.Баярсайхан:  “Би энэ Их тэнгэрийн байшинг 18 жилээр гэрээлж авсан Баярсайхан гэдэг хүн байна. Тэгэхээр энэ бол айдас хүйдэст автагдсан, АТГ нь шалгасан, аймшигтай жилүүд болж байна. Би 22 жил бизнес хийхдээ ийм юм үзээгүй, ард түмээн. Төр хувийн хэвшлийг уландаа гишгэлж, АТГ олон дахиж шалгасан аймшигтай жилүүд болж байна. Нэг өдөр л нэг юм болно шүү, би хэлчихье. Одоо хэн та нарт даалгавар өгснийг надад хэлчих. Дээрээс, дээрээс гэж байгаад та нар хүн алдаг. Хувийн хэвшлийг алж байгаа хүмүүс сайн сонсож ав. Цаг нийгэм өөрчлөгдөнө өө. Би ардчиллыг дэмждэг хүн. Ардчилалд маш их тусалсан. Цаг өөрчлөгдөнө шүү... Миний хэлсэн үгийг өлгөж авах гэж байгаа юм уу. Бариад хорьчих, шорондоо хийчих. Та нар зүгээр байгаа хүнийг шоронд хийж байна. Араас нь эмийг нь оруулахгүй алчихдаг юм байна лээ. Тэрэн шигээ алчих, за юу. Зөндөө юм байгаа шүү, цаана чинь. Айдаггүй л юм бол, за юу” гэж хэлсэн нь мань эрхэм сонгуулиар АН-д хөрөнгө тасалж өгсөн гэх хардлагыг эрхгүй төрүүлж байгаа юм.  Төр нь хувийн хэвшлийн халаасанд орж, дуугарах эрхгүй хүчгүйдэж,  хувийн хэвшил нь мөнгөний төлөө улайрч байгааг эндээс харж болохоор байна. 

Хуулиа зөрчсөн бол төрнь төмөр нүүрээ харуулах нь зүйн хэрэг.  Гэрээгээ зөрчсөн бол  ингэж дэвээд байх шаардлага ч байхгүй л байх. 

Төр нь ч гэж төр. Мөнгөгүй гээд төрийн тэргүүнийхээ байрладаг, орсон гарсан бүхнийг бүртгэдэг, чанга хамгаалалттай газраа ингэж түрээслүүлж л байдаг.   Төрийн минь сүлд өршөө гэж залбирдаг эмээ өвөө нар энэхүү үйлдлйиг сонсоод ухаанд нь ухна ишиг шингэсэн юм шиг хэмээн эгдүүцэж байгаа юм. 

Хэрвээ тэрхүү байрыг “Номин холдинг” ХХК бус жирийн иргэн түрээсэлсэн бол төр төмөр нүүрээ гаргаж, дээрэлхэж л байгаа.  Төрийн төмөр нүүрийг одоо л хармаар байна. 

А.Баярмаа