Нийслэлчүүдэд өдөрт дунджаар 1160 орчим автобус үйлчилж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний талаарх санал, гомдлыг 7004-4040 дугаарын утсаар хүлээж авдаг.

Иргэд ихэвчлэн “Автобус буудал дээрээ зогсохгүй байна. Хүнээ суулгахгүй хаяад явчихлаа" гэх гомдол мэдүүлдэг аж. Тусгай дугаарт өдөрт хамгийн багадаа 300 орчим дуудлага ирдэг. Харин автобусны чиглэл өөрчлөгдсөн үеэр өдөрт 1000 гаруй дуудлага хүлээж авдаг байна.

Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлнээр өнөөдөр /2025.01.09/ автобусны жолооч бүхээгтээ тамхи татсан, очих ёстой газраа хүрэлгүй зорчигчдоо буулгасан, зогсоолоос хүнээ аваагүй, жолооч муухай харьцдаг гэсэн иргэдийн гомдлын дагуу зөрчил гаргасан таван жолоочийг торгож, нэг жолоочийг сургалтад хамруулахаар шийдвэрлэжээ.

Зөрчлийн тухай хуулийн 14.6 9 дүгээрт заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний 25,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 250,000 төгрөгөөр торгоно гэж заасны дагуу автобусны жолооч нарт арга хэмжээ тооцжээ. Харин нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо төлбөрөө төлөөгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000 төгрөгөөр торгох хуультай.