Хяналтын байгууллага нь намын удирдлагаа огцруулах ямар ч боломжгүй тул С.Баярцогт АН-ын ЕНБДарга хэвээрээ
20 минутын өмнө

Ардчилсан Намын Хяналтын Ерөнхий Хороо өнгөрсөн Баасан гарагийн орой яаран хуралдаж, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга С.Баярцогтыг огцруулж байна гэх мэдээлэл хийв.
Тэдний гаргасан албан мэдээнд: "Хяналтын Ерөнхий хорооны 15 гишүүнээс 13 гишүүн оролцож, 100 хувийн саналаар С.Баярцогтыг АН-ын ЕНБДаргаас чөлөөллөө.
“Ардчилсан намын дотоод сонгуультай холбоотой гарсан будлианы улмаас АН-ын зарим хороон дээр дахин сонгууль явуулах шийдвэр гаргаж, АН-ын ХЭЕГ, түүний удирдлага буюу ЕНБДаргад чиглэл өгсөн хэдий ч удаа дараа өгсөн үүргийг биелүүлэлгүй олон сар болсон учраас Ардчилсан намын гишүүдийн гомдол, саналыг биелүүлэхгүй байгаа ЕНБД С.Баярцогтыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан болно.” гэсэн байлаа.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн асан, ХЕХ-ны гишүүн Д.Ганхуяг : "АН-ын гүйцэтгэх удирдлага дүрмээ ягштал мөрдөх ёстой. Гэтэл дүрмээ биелүүлэхгүй байна. Тиймээс АН-ын Их хурлаас бидэнд өгсөн эрхийн дагуу 100 хувийн ирц саналаар ЕНБД-ыг чөлөөлж байна. Энэ бол эцсийн шийдвэр" гэсэн бол УИХ-ын гишүүн асан, АН-ын ХЕХ-ны гишүүн Д.Батцогт: "Хяналтын Ерөнхий Хорооны шийдвэрийг удаа дараа биелүүлээгүй, хорооны хараат бус байдалд оролцох болсон тул С.Баярцогтыг чөлөөлөх шийдвэр гаргалаа" гэсэн юм.
Гэвч энэ нь албан ёсны шийдвэр байх ямар ч боломжгүй аж.
Учир нь Улс төрийн намын тухай хуульд зааснаар бол Хяналтын байгууллага нь намын дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, дотоод маргааныг шийдвэрлэх чиг үүрэгтэй юм.
Бүр тодруулбал уг хуулийн 18 дугаар зүйлээр хяналтын байгууллага дараах асуудлыг шийдвэрлэх эрхтэй.
- Намын удирдлага дүрэм зөрчсөн эсэхийг тогтоох.
- Намын дотоод сонгуультай холбоотой маргааныг шийдвэрлэх.
- Намын удирдлагын шийдвэр дүрэмд нийцсэн эсэхийг хянах.
- Санхүүгийн болон гишүүнчлэлийн маргааныг шийдвэрлэх." гэж нарийвчлан заажээ.
Харин намын удирдлагыг огцруулах эсэх асуудлыг тухайн намын удирдах дээд байгууллага хэлэлцэж шийдвэрлэх учиртай. АН-ын удирдах дээд байгууллага нь АН-ын Үндэсний Бодлогын Хороо. Иймээс ч хяналтын байгууллага нь намын удирдлагаа огцруулах хуулийн ямар ч боломжгүй тул С.Баярцогт АН-ын ЕНБДарга хэвээрээ байгаа ажээ.






