Сүхбаатарын талбайд 21 аймгаас Улаанбаатар хотыг зорин ирсэн малын эмч нар цуглан тайван жагсаал эхлүүлж байна.

Малын эмч нарын төлөөлөл болж 200 гаруй хүн төр засагт дуу хоолойгоо хүргэх, бодит нөхцөл байдлаа танилцуулах, тодорхой шаардлага хүргүүлэх зорилготой жагсаал хийж буй нь энэ юм. Өөрөөр хэлбэл, Мал эмнэлгийн салбарынхан төрөөс олгох санхүүжилт гацсантай холбогдуулж энэхүү жагсаалыг зохион байгуулж буй.

Малын эмч нарын төлөөлөл “Бид нар өтөг бууц дунд маш хүнд нөхцөлд ажиллаж байхад ямар ч үнэлэмж алга. Энэ салбарыг дэмжихгүй бол малын эмчгүй болох нь. Тиймээс төр, засаг биднийг эргэж хараач” гэсэн юм.

Мөн “Мал эмнэлгүүдийг 1997 онд хувьчилснаас хойш 27 жил боллоо. Энэ хугацаанд хувийн мал эмнэлгийн нэгж рүү, эмнэлэг рүү төр засгаас маш бага дэмжлэг үзүүлсэн. Үүнээс болж шинэ залуу эмч нар хөдөө орон нутагт очиж ажиллах боломж алга. ХААИС-ийн мал эмнэлгийн ангийг жилд 200 гаруй оюутан төгсөж байгаа. Тэдний арав хүрэхгүй хувь нь салбартаа ажиллаж байна. Эцэг эх нь малын эмч бол үе дамжин мэргэжлийг нь уламжилж байна. Цөөн хувь нь адууны мэргэшсэн эмч болж, мөн жижиг амьтны эмнэлэгт ажиллаж байгаа.

Одоо мал эмнэлгийн салбарыг бодлогоор дэмжихгүй бол элгээрээ хэвтлээ. Мөн 2025 оны үйлчилгээний хөлсөө аваагүй байна, тиймээс өнөөдөр жагсаж байгаа юм.

Бид гуравдугаар сараас намар арваннэгдүгээр сар хүртэл ажиллана. Зун нэг, хоёр сар амарна. Төр засаг малчдыг их дэмждэг шүү дээ. Энэ дэмжлэг, хүү багатай зээл тусламж малын эмч, мал эмнэлгийн салбарт олдохгүй байна. Үүнийг олговол бид бага хүүтэй зээлээ аваад үйл ажиллагаандаа ашиглах боломж байна, энэ тогтолцоог өөрчилж өгөөч” хэмээн хүслээ. 

Монголын Үндэсний мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганзориг "Өнгөрсөн онд улс даяар 1000 гаруй ААН зээл аваад мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн. Гэвч гүйцэтгэсэн ажлын хөлс болох нийт 20.1 тэрбум төгрөг өнөөдрийг хүртэл олгоогүй.

Бид санхүүжилтийн 60-70 хувиа он дамнан авч чадахгүй байна. Ийм байхад эдгээр хүмүүс яаж ажиллаж амьдрах уу? Үүнийхээ төлөө жагсаж байгаа. Малын эмч нарын хувьд төрөөс бодлогыг л нэхэж, шаардаж байна. Мал эмнэлгүүдийг хувьчилснаас хойш бодиттой хөрөнгө оруулалт алга. Зээл авах гэхээр орлого юм нь хүрэлцэж шаардлага хангадаггүй. Үүнээсээ болж ажил үйлчилгээ явуулах боломж нь хаагддаг" хэмээн ярилаа.

Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 997 мал эмнэлгийн нэгж үйл ажиллагаа явуулж 1234 малын эмч ажиллаж байгаа бол Дорнод аймагт ерөнхий 49, төрөлжсөн  1 буюу нийт 50 мал эмнэлэг үйл ажиллагаа явуулж 110 гаруй малын эмч нар ажиллаж байгаа гэв.

Орон нутгийн малын эмч нарын санхүүжилт, цалин хөлс, төлбөрийн нөхцөл байдал хүндэрч, салбарын тасралтгүй ажиллагаа алдагдах эрсдэл үүсчээ. Мал эмнэлгийн салбарт ажиллагчдын насжилт эрс нэмэгдсэн, залуу боловсон хүчин цөөрсөн, жил бүр дунджаар 150 орчим мэргэжилтэн ажлаа орхидог болсон нь салбарын хямралыг улам гүнзгийрүүлж, орон нутаг дахь мал эмнэлгийн нэгжүүд улсын хэмжээнд үнэ төлбөргүй үзүүлэх үйлчилгээндээ санхүүгийн эх үүсвэргүйгээр ажиллаж байгаа нь салбарын тогтвортой байдлыг алдагдуулж байгааг малын эмч нар ярилаа.