2024 оны зургадугаар сард үйлдэгдсэн 32 болон 16 настай эмэгтэйн амь насыг хохироосон хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна.

Яллагдагч Э.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Б.Мэргэн гадаадад яваа тул шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргажээ. Хэргийн бусад оролцогчид шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийг энэ ирцээр үргэлжлүүлэх боломжтой гэв. Шүүгчид Б.Мэргэн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авах эсэхийг хэлэлцэхээр түр завсарлалаа.

Шүүх завсарлаад өмгөөлөгч Б.Мэргэний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Ингээд шүүх хурлыг хаалттай явуулахаар шийдвэрлэв.

Баянгол, Хан-Уул, СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Мягмаржав шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн талаар мэдээлэл өглөө. 

Баянгол, Хан-Уул, СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэр бүхий 4 яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 15:00 цагт эхэллээ. Уг урьдчилсан хэлэлцүүлэг яллагдагчдын гэм буруугийн асуудал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хянан хэлэлцэхгүй. Уг хэлэлцүүлгээр яллагдагчдыг шүүхэд шилжүүлэх үү, прокурорт буцаах уу гэдэг асуудал хэлэлцэгдэнэ. Энэ хэлэлцүүлэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу хаалттай хэлэлцэгдэнэ. Үүний нээлт болон хаалтын хэсгийг шүүхийн нээлттэй дэлгэцээр үзүүлж байгаа. Шүүхийн тамгын газраас урьдчилсан хэлэлцүүлгийн шийдвэрийг олон нийтэд нээлттэй танилцуулна.