Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

УЛС ТӨР: Н.Учрал, О.Цогтгэрэл нарын намын даргын албан тушаал албажлаа

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн өөрчлөлтийн дагуу улс төрийн намууд 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор намын дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг УДШ-д хүргүүлэх үүрэг хүлээсэн. Тэгвэл хуулийн хугацаанд УДШ-д бүртгэлтэй 37 намаас 29 нь материалаа ирүүлжээ.  Ирүүлсэн өөрчлөлтөд хуулийн зөрчил, алдаа мадаг байгаа эсэхэд дээд шүүх ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн баасан гарагт Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж,  МАН-ын дарга Н.Учрал,  АН-ын дарга О.Цогтгэрэл нарыг намын даргаар бүртгэлээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард МАН-ын 31 дүгээр Их хурал болж, 13 дахь намын даргаараа УИХ-ын гишүүн Н.Учралыг сонгосон. Тэрээр, 38 насандаа шинэ үеийн МАН-ын 13 дахь даргаар сонгогдсон.  Намын дарга болоод нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тасралтгүй шинэчлэгдэж чаддаг, гишүүн төвтэй, ил тод, хариуцлагатай, дотоод ардчилалтай намыг төлөвшүүлэх “E-4” стратегийг хэрэгжүүлж ажиллана гэдгээ зарласан. 

Ардчилсан намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэл нь УИХ-д хоёр дараалан сонгогдоод байгаа бөгөөд эдийн засагч мэргэжилтэй.  Тэрээр "Ардчилсан нам манлайллын стратегийг хэрэгжүүлнэ. Миний хувьд систем бүтээж ялалт авч ирэхийн төлөө бодлогоо хэрэгжүүлнэ" гэж бодлогоо тодорхойлсон. Мөн "Ардчилсан нам 35 жилийн хугацаанд олонх болж ялж байсангүй. Харин олуулаа болж байсан. Дийлэнх хугацаанд нэг нам эрх барьсан. Аргентин улсын жишээг харахад зүүний популизмд нэрвэгдсэн улсыг хэрхэн засварлах вэ гэдгийг харуулж чадаж байна. Иргэн төвтэй, бизнес төвтэй нам байх, улмаар татварыг бууруулж, иргэдэд боломжийг илүү олгож байж л шинэчлэл ирнэ" гэсэн байдаг.

-АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлд төвлөрнө хэмээн мэдэгдэв-

АН-ын дарга О.Цогтгэрэл “Нэгдүгээр сарын 9-ний өдөр АН-ын үндсэн дүрмийг Улсын Дээд Шүүх албан ёсоор бүртгэсэн. Үүнтэй холбоотойгоор АН-ын Улс төрийн зөвлөл өчигдөр /2025.1.13/ хуралдаж зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэж шийдвэр гаргалаа.

АН-аас 4/11 буюу долоо хоног бүрийн Пүрэв гарагийн 11:00 цагт мэдээлэл хийдэг уламжлалаа сэргээж байна.

АН-ын шинэ дүрэм УДШ-д бүртгэгдсэнээр ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг чөлөөлсөн. Мөн шинэ дүрэмтэй болсноор АН анхан шатнаасаа эхлээд бүрэн өөрчлөгдөж, дотоод шинэчлэл хийнэ. Ингэхдээ хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 10-ны хооронд нийт гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг хийнэ. Гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд дотоод сонгуулиудаа явуулна. Ингээд дөрөвдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд АН-ын Их хурлыг хуралдуулж, шинэ бүтцээ батламжилна. Их хурлаас байгуулагдсан Үндэсний бодлогын хороо шинээр ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн зөвлөлөө томилох болно.

Энэ бүх шинэчлэлийг тавдугаар сарын 1-нээс өмнө хийгээд үүний дараа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, дотоод марафондоо төвлөрч ажиллана.

АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэлд үзэл санааны өөрчлөлт оруулж байгаа. Гишүүддээ ардчиллын паспорт олгож, ардчиллын гэрэгэ эзэмшигч болгоно. Намын батлахтай гишүүн гэдэг хуучны ойлголтоос хальж, ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч, элч төлөөлөгч байна гэдэг философийн хүрээнд чип бүхий цахимжсан гэрэгэ байх юм.

АН-ын гишүүдээ шинэчилсэн цахимд бүртгэнэ. Ингэхдээ “Хур”, “Дан” системээр Имонголиад бүртгэнэ. Энэхүү цахим системд бүртгэгдсэн гишүүддээ ардчиллын гэрэгэ гардуулна. Цахим системд бүртгүүлж, гэрэгэ авснаас гадна намын гишүүний татвараа төлсөн гишүүн дотоод сонгуульд оролцох эрхтэй болох юм" хэмээн ярьсан юм.

НИЙГЭМ: Олны анхаарлын төвд байгаа хоёр хэргийн шүүх хурлууд болов Тухайлбал, Яллагдагч Ц.Дагвадоржийг 2 удаагийн үйлдлээр хүнийг алах, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэх хэрэгт яллагдагчаар, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг хүнийг санаатай алах хэрэгт хамжигчаар татжээ. Тодруулбал, Яллагдагч Ц.Дагвадоржийг 2024 онд 2 удаагийн үйлдлээр хүнийг алах, мөн заналхийлэх, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт,

Яллагдагч Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэрэгт хамжигчаар, өсвөр насны яллагдагч Х.Энхсайханыг 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар тус тус оролцсон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Яллагдагч Ц.Дагвадорж нь 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд “урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай” хүсэлт гаргасны дагуу шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийг зарласан боловч яллагдагч Ц.Дагвадорж нь урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр “хэргийн материалтай танилцах хүсэлтээ урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт хэмээн андуурч гаргасан байна ... хүсэлтээсээ татгалзаж байна ... хэргийг шүүхэд шилжүүлж өгнө үү...” гэх тайлбарыг гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч хэргээ шүүхэд шилжүүлж, хэлэлцүүлэхийг шаардах, ... эрхтэй” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн 33.2 дугаар зүйлд зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтойгоос гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх хуралдааныг явуулж болохгүй байдалд хүргэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй тул яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад тус шүүхийн хуралдааны танхимд хийхээр товыг тогтоож шийдвэрлэв.

Мөн Бусдыг зэрлэгээр зодсон гэх Л.Алтан-Очир нь шүүх хурлаасаа хоцорч, өмгөөлөгч Б.Мэргэн гадаад буй учир хойшиллоо

УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нар 2025 оны долдугаар сарын 19-ний шөнө Хүүхдийн 100 орчимд хохирогч Д.Саяннямбуугийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан.

Олон нийтийн газарт бусдыг зэрлэг балмадаар зодож танхайрсан тэднийг шүүх хурал өнөөдөр 10:00 цагт болохоор товлогдсон байдаг. Харин шүүх хурал цагаасаа 20 минутаар хоцорч эхэлсэн юм. 

Учир нь Л.Алтан-Очир нь шүүх хурлын цагаасаа буюу 20 минутаар хоцорч ирсэн бөгөөд өмгөөлөгч нь залгаад байхад утсаа ч авахгүй байв. Мөн Өнөөдрийн шүүх хуралд Ц.Санжаачойпэлийн өмгөөлөгч Б.Мэргэн гадаад буй учир ирсэнгүй.  Ийнхүү тэдний гэм буруугийн шүүх хурал нэгдүгээр сарын 29-ний 14:00 цагт болохоор ямартай ч товлогдлоо. 

ЭДИЙН ЗАСАГ: Дундаж цалин 2.7 сая төгрөг & тэтгэврийн дундаж хэмжээ 848 мянга төгрөг байна

инэ он солигдох мөчтэй зэрэгцээд тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл ахмад настангууд тэтгэврийн хэмжээ бага байгаад л өөрчлөлт оруулахыг хүсдэг. Өмнөх онд ахмадууд тэтгэврийн зээл олгох хугацааг сунгаж, хүүг бууруулах, зээлийг 100 хувь олгох зэрэг шаардлагыг тавьж байсан бол 2026 онд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж буй.

Өнөөдөр улсын хэмжээнд дундаж цалин 2.7 сая төгрөг байгаа бол ахмад настны тэтгэврийн дундаж хэмжээ 848 мянга төгрөг буюу 3 дахин бага. Амьжиргаанд хүрэлцэхгүй энэ мөнгөөр сарын хэрэгцээгээ хангахын зэрэгцээ инфляц гэх чимээгүй татвар иргэдийн орлогыг улам үнэгүйдүүлсээр зээлээс зээлийн хооронд өдөр хоногоо аргацаан аж төрж буй гэхэд хилсдэхгүй ээ.

Тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэлх сараар сунгалаа гээд ахмадуудын амьдрал сайжрахгүй, эсрэгээрээ урт хугацааны өрийн дарамт үргэлжилнэ гэдгийг эдийн засагч нар ярьж хэлсэн удаатай. 

Тэтгэврийн зээлдэгчийн орлогыг харвал дундаж зээлдэгч 859 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа бол хамгийн бага нь 572 мянган төгрөг бөгөөд  хамгийн ихдээ 1.3 сая төгрөгийн тэтгэвэртэй байна. Зээл авснаар энэ орлогынхоо 83 хувийг сар бүр эргэн төлөлтдөө өгч үлдсэн 17 хувиар нь ахмадууд амьдарч байна. Нийт зээлдэгчдийн 70 хувь нь тэтгэврийнхээ 90-ээс дээш хувийг зээлийн эргэн төлөлтдөө өгч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 45 мянган ахмад настан 100 хувь өгч, тэтгэврээсээ нэг ч төгрөг авахгүй, ямар ч орлогогүй жил гаран амьдрах болдог байна.

СПОРТ: Улсын гарди Н.Өсөхбаярын цолыг хурааж, дөрвөн жил барилдах эрхийг хасахаар шийдвэрлэв

Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд найм даван үзүүрлэж Улсын гарди цол хүртсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн.

Тэгвэл улсын гарди Н.Өсөхбаярын цолыг хурааж, дөрвөн жил барилдах эрхийг хасаж, шагналын 10 сая төгрөгийг хураахаар Шадар сайд, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны дарга С.Амарсайханы шийдвэр нийгмийн сүлжээнд тавигдлаа. Эл шийдвэр 2025 оны аравдугаар сарын 2-ны өдөр гарсан ч олон нийтэд ил мэдээлээгүй байсан юм.

Тэгвэл Н.Өсөхбаярт зургаагийн даваанд өвдөг шороодсон Улсын заан М.Лхагвагэрэлд "Үнэн зоригт”, долоогийн даваанд өвдөг шороодсон Улсын заан Б.Пүрэвсайханд “Хуйрнан шуугигч”, наймын даваанд өвдөг шороодсон Дархан аварга Н.Батсуурьт “Тод сонин” чимгийг нөхөн олгох тогтоол 2025 оны аравдугаар сарын 12-нд гарчээ. Мөн 2025 оны наадмаар дөрөв давсан Улсын гарди Б.Гончигдамбаас бүх цаг үед хориотой допингийн бодис илэрсэн ч зодог тайлсан учраас хариуцлагаас чөлөөлж, тавын даваанд авсан 500 мянган төгрөгийг нь хураах шийдвэр гаргажээ. Түүнчлэн, хориотой төрлийн допингийн бодис илэрсэн аймгийн арслан Н.Баяржаргалыг 2028 оны долоодугаар сарын 12-ныг дуустал гурван жил барилдах эрхийг хасжээ.

СОЁЛ УРЛАГ: “Задлаагүй захиа” уран сайхны киноны нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болж эхэллээ

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн “Задлаагүй захиа” уран сайхны киноны нээлт боллоо.

Тус уран бүтээл бүх кинотеатраар үзэгчдийн хүртээл болж эхэллээ.