Алтны үнэ өссөнөөр иргэдийн худалдан авалт муудсан гэв
2 цагийн өмнө

Энэ долоо хоногийн даваа гарагийн арилжаагаар дэлхийн зах зээл дээр алтны ханш хоёр хувиар өсөж, унци нь 4600 ам.долларыг давсан аж. Өөрөөр хэлбэл, энэ үзүүлэлт нь өмнө оны арванхоёрдугаар сарын сүүлээр тогтоосон дээд амжилтыг эвдсэн гэсэн үг. Харин нөгөө талд дэлхийн зах зээл дээр алтны ханш өссөн учраас худалдан авагчдын тоо эрс багассан хэмээн иргэд ярьж байна. Тэгвэл бодит байдлыг үнэт эдлэлийн дэлгүүрийн худалдагч, иргэн , ломбардын ажилтнаас тодрууллаа.
“Мөнгөн завьяа” дэлгүүрийн алт мөнгө, үнэт эдлэлийн худалдагч А.Тэрбиш “Энэ жилийг өмнөх жилүүдийн худалдан авалттай харьцуулахад эрс багассан. Өмнөх жилүүдэд алтны үнэ тогтвортой байсан шүү дээ. Харин энэ жил дэлхийн зах зээл дээр алтны үнэ хоёр дахин өссөн учраас иргэдийн худалдан авалт маш муу болчихсон. Нэг жилийн өмнө 1грамм алт 300 мянган төгрөг байсан бол одоо хамгийн доод тал нь 500 мянган төгрөг болсон байх жишээтэй. Хүмүүс банкинд мөнгө хадгалахаас илүү хатуулаг шинжтэй үнэт эдлэл худалдан авч хадгалах сонирхолтой болсон юм билээ. Өдөр бүр хүмүүс нэг, хоёроороо ирж, алтны үнэ сураглачхаад л яваад өгдөг. Үнэт эдлэл гэдэг хүний өдөр тутмын буюу наад захын хэрэглээ биш учраас үнийн дүнг сонсоод цочирддог. Эсвэл “дараа болъё” гэж хэлдэг. Алтны үнэ тогтвортой байх үед үнэт эдлэл худалдаж авсан хүмүүс одоо хамгийн их ашиг олж байгаа гэж хэлж болно.
Ер нь сорьц болон хийцээсээ хамаараад өөр өөр үнэтэй байдаг. Монгол, Турк, Сингапур, Солонгос сорьц гэдгээсээ хамаараад хэлбэлзэлтэй байдаг гэсэн үг. Монголынх ч гэсэн үйлдвэрээсээ шалтгаалаад мөн өөр, өөр үнэтэй. Өмнө нь манай улсад алтаар үнэт эдлэл үйлдвэрлэдэг 20 гаруй үйлдвэр байсан бол одоо 40 давсан шүү дээ. Монголд 1грамм алт 550-600 мянган төгрөгийн хооронд үнэлэгдэж байна.
Жишээ нь, манай дэлгүүрийн өнөөдрийн зах зээлийн ханшийг аваад үзье л дээ. Мөнгөн хослол 150 мянга, дан ээмэг 50 мянга, бөгж 60 мянган төгрөг байна. Дээр хэлсэнчлэн алт 1грамм нь 550 мянган төгрөг бол монет 420 мянган төгрөгөөр үнэлэгдэж байна. Цэн алт 3грамм нь нэг сая 650 төгрөгийн ханштай байгаа. Хамгийн гол нь сорьцоосоо хамаараад өөр өөр үнэтэй байдаг бөгөөд хамгийн доод үнэ нь энэ юм” хэмээв.
АЛТ ҮНЭД ХҮРЭХИЙГ МЭДСЭН БОЛ ӨМНӨ ЖИЛҮҮДЭД ХЭД ХЭДЭН ЭЭМЭГ, БӨГЖ, ГИНЖ АВЧИХ БАЙЖДЭЭ ГЭЭД ИХ ХАРАМССАН
Иргэн А.Азжаргал “Би 2019 онд 20 грамм алт хоёр сая төгрөгөөр аваад, ээмэг, бөгж хийлгүүлж байлаа. Саяхан зайлшгүй шалтгааны улмаас алтан ээмэг, бөгжөө ломбардад тавихад таван сая орчим төгрөг болж байсан юм. Алт үнэд хүрэхийг мэдсэн бол өмнө жилүүдэд хэд хэдэн ээмэг, бөгж, гинж авчихдаг байж дээ гээд их харамссан. Одоо ломбардууд эвдрэхгүй, баталгаатай гэдэг үүнээс алт, монетыг хамгийн их авч байна. Зурагт, компьютер гээд цахилгаан хэрэгсэл бараг авахаа больсон. Ямар нэгэн гэмтэл, саатал гардаг учраас баталгаагүй гэдэг. Одоо бараг үнэ хүрэхээ ч больсон. Эндээс л алт ямар үнэтэй буй нь харагдаж байна шүү дээ.
Манай монголчууд өөрсдөө алтыг сайн мэддэг учраас их дуртай. Харин брилиант буюу алмаазыг ерөөсөө мэдэхгүй. Алмаазны үнэ, чанарыг огт мэддэггүй гэж хэлэхэд болно. Циркон шиг гэж хараад байгаа юм. Гэтэл алмааз бол дэлхийн хамгийн хатуулаг, үнэ цэнэтэй чулуу шүү дээ. Манайхан үүнийгээ ялгаж огт мэдэхгүй. Алт, монет гээд л шуугиад байдаг. Уг нь дэлхий дахинд алтнаас илүү үнэтэй юм. Тиймдээ ч одоо ихэнх ломбардууд алмаазны чулууг нь огт үнэлдэггүй байх жишээтэй. Зүгээр л монетыг нь граммлаж авдаг. Алтыг дагаад монет ч үнэд орж байна. Ломбардууд монетыг тонгойлгоод шүүхээр хар тугалга нь их гарч ирдэг юм билээ” гэв.
“Бумт” ломбардын үйлчилгээний ажилтан Ц.Эрдэнэхишиг “Алт үнэ орохоос өмнө жижиг ломбардууд бараг алт авдаггүй байсан. Ихэвчлэн цахилгаан бараа, хөөрөг л авдаг байлаа. Харин одоо алтны үнэ хоёр дахин өссөн учраас гэр хорооллын хамгийн жижиг ломбард хүртэл авдаг болсон. Тиймдээ ч манайхаар үйлчлүүлж буй ихэнх хүн алтан ээмэг, бөгж, гинж, монетон ээмгээ тавьдаг байх жишээтэй. Одоо нэг сонин цикль яваад байгаа юм. Дэлхийн зах зээл дээр алт үнэ орсон. Үүнийг дагаад манайд алтан ээмэг, бөгж гээд энэ төрлийн үнэт эдлэл хамгийн их орж ирж байна. Олон нийтийн сүлжээгээр дандаа алтны тухай л ярьдаг. Солонгосоос, Туркээс ийм сорьцтой алтан ээмэг бөгж оруулж ирлээ гэдэг шүү дээ. Гэтэл манайд алт худалдаж авах хүн байхгүй. Монголчуудын амьдрал үнэхээр туйлдсан. Зарим хүн халуун тогоо, будаа агшаагчаа ломбардад тавья гээд гуйгаад ороод ирдэг. Гэтэл бараг бүх ломбардууд цахилгаан бараа авахаа больсон шүү дээ.
Бид “Манайх зөвхөн үнэт эдлэл авдаг ломбард аа” гээд үнэнээ хэлээд л гаргадаг. Ийм амьжиргааны түвшинд юун алт худалдаж авах вэ. Гэтэл энэ хоёрын эсрэг талд нэг зүйл болоод байгаа юм. Одоо ломбардад хамгийн их байгаа зүйл нь алт шүү дээ. Хүмүүс дандаа алтны орцтой үнэт эдлэлээ ломбардад тавьдаг болсон. Хамгийн гол нь эдгээр хүмүүс өмнөх жилүүдэд буюу алтны үнэ хямд, тогтвортой байх үед худалдаж авсан юм билээ. Наад зах нь гэхэд хоёр сая хүрэхгүй төгрөгөөр худалдаж авсан алтан бөгж нь өнөөдөр бараг таван саяд хүрч байна шүү дээ. Тиймээс алт үнэ орохоос өмнө худалдаж авсан хүмүүс хожиж байна. Түүнчлэн арай боломжийн амьдралтай хүмүүс алт худалдаж аваад хадгалдаг болсон.
А.Даваадулам
Г.Мөнхтамир







Зочин · 1 цагийн өмнө
SAWI80955877VANXANDI BIEE UNELELN BOOBN XXN BOOW DOLOOJ