Амралтын өдрөөр Өргөө -7 кино театрыг зорин "Задлаагүй Захиа" уран сайхны драма төрлийн киног үзлээ.

Энэхүү бүтээлийг үзээд эцэг хүний үрдээ гал голомтоо таслан өгөх, хүүгээрээ бахархах даруулгатай өсгөхийн учгийг, бидний мартагдах вий хэмээн эмээдэг монгол ахуйг, айл хүний санаа нэг, саахалт хүний амь нэг гээд монгол ахуй, аж амьдрал хийгээд төрүүлснээс илүүтэй өсгөсөн аав ч ямархан байдгийг тултал өгүүлжээ.

Уг киног үзээд та бүхэндээ өөртөө төрсөн сэтгэгдлээ сонирхуулж байна.

Нэг: Зөөлөндөө зөөлөн аав минь

         Ширгээ нь үгүй тунгалаг нуур минь

         Хатуудаа хатуудаа аав минь

        Хувираа нь үгүй хөхрөх уул минь... Монгол аавд л заяагддаг болов уу гэмээр уужим, аугаа үрээ гэх сэтгэлийн их тэнхээ, гүндүүгүй атлаа битүүхэндээ эх орноо хамгаалахаар дайнд мордсон хүүдээ гэр төхөөрөн хүлээн суух  дүрийг Ц.Лхагва гуай тансаг урлаж аав уулыг тод томруунаар шигтгэжээ. 

Хоёр: Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн "Дутуу хээтэй тооно" жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү дэлгэцийн бүтээл нь монгол хэлийг арвин үгийн баялагтай гэдгийг мэдрүүлнэ. Кино эхэлсэн мөчөөс эхлээд үзэгч та үнэхээр хар яриагаар ярьж, бичиж буйгаа мэдрэх болно. Монгол хэл үгүй бол би, бид ч бас үгүй болно гэдгийг илүүтэй мэдэрнэ. Сул үггүй өгүүлж болдгийг мэдэрч чихээ онгойлгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян...үнэхээр л үнэн аж.

Гурав: "Аранжин пикчерс"-ийн "Задлаагүй захиа" бол үнэхээр бүтээлийн дүрүүдтэй ярих зүйлгүй гол дүрүүд туслахууд гээд час хийтэл тогложээ. Биеийн хэлэмж, харц гээд үг хэлэхгүй байсан ч юуны тухай өгүүлэх нь хүртэл уншигдаж, мэдрэгдсэн.  Жүжигчин хүн өөртөө оноогдсон дүрээ  элдэв маяггүй хэрхэн тоглож болдгийг Г.Жижжалам, М.Анужин, М.Бат-Эрдэнэ гээд залуу жүжигчид хүртэл харуулж чаджээ. Бид орчин үетэйгээ хөл нийлүүлэн гэсээр монгол аж төрх ёсон, монгол ахуйгаа умартах шахсаныг эргэн сануулан мөн аялуулна.

Дөрөв: Кино зураг авалт нь хүртэл ярьж болдог гэдгийг "Задлаагүй захиа" бүтээлээс сэтгэл зүрхээрээ мэдрэлээ. Дүнсийсэн өдрийн дэнхйисэн бодлыг үргээх мэт сүрлэг уулс, байгалийн бахдам сайхныг өвлийн улиралд өхдөөний айл мөсөө хагалан ундаалдаг гээд бас л зураглалаар тоглосон зураглаач ажиллажээ. 

Тав: Халх голын дайнд амь биеэ өргөсөн эрэлхэг, баатарлаг дайчид бидэнд энэхүү аугаа эх орныг минь үлдээжээ. Эх орон бидэнд ямар үнэтэй үнээр үлдэж хоцорч өвлөгдөж явааг Задлаагүй захианаас мэдэх мэдрэх болно. Эцсийн дүгнэлтийг танд үлдээе та киногоо үзээд тунгаах буй за.