Нэгдсэн сүлжээний горим ажиллагаа болон хязгаарлалттай холбоотой мэдээллийг ДҮТ ТӨХХК-аас шууд дамжуулан хүргэлээ. 

Төв диспетчерийн албаны ахлах инженер О.Наранбаатар "Манай улс ОХУ-ын эрчим хүчний системтэй зэрэгцэн ажиллагаатай байдаг. ОХУ-тай холбогдсон хоёр шугамын хамгийн дээд авах чадал нь 310 МВт-аар хязгаарлагдаж байна.  Үүнээс дээш гаргавал ОХУ-ын талаас шугамын гэмтэл гарч тасрах эрсдэлтэй. Ийм шалтгааны улмаас хязгаарлалт хийж байна. 

Одоогийн байдлаар ДЦС-4-ийн долоодугаар зууханд гэмтэл гарсан. Үүнээс шалтгаалан 100 орчим МВт-ын эрчим хүчийг дутуу үйлдвэрлэж байна. 

Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станц нүүрсний хангамжийн тал дээр асуудалтай байгаа учраас бүрэн ачааллаа авч чадахгүй байгаа юм. Тэгэхээр нэгдсэн сүлжээ ойролцоогоор 300 МВт-ын дутагдалд орсон. 

Эрчим хүчний салбарын онцлог нь хэрэглэгчийг эрчим хүчээ хэрэглэх үед нь тухайн шаардлагатай эрчим хүчийг үйлдвэрлэж байх ёстой. Хэрэглээ, үйлдвэрлэл хоёр тэнцүү байх ёстой. 

Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэл дутмаг байгаа учраас зайлшгүй хэрэглээг хязгаарлаж ажиллах шаардлагатай байна. Манай бүх станц нэг тогоонд хоорондоо холбогдож ажилладаг. Тэгэхээр нэг станц доголдлоо гэхэд систем даяар чадлын дутагдалд орно" гэлээ.