ТОЙМ МЭДЭЭ
2 цагийн өмнө

Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна
УЛС ТӨР: Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн сайдын суудал ганхаж эхэллээ. Тэр ч суудлаасаа буух тун дургүй байгаа бололтой. Ерөнхий сайд Г.Занданшатар түүнд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцно. Эрчим хүчний нэгдсэн бодлогоо шуурхай цэгцэл. Цэгцэлж байж чөлөөлнө. Хотын дарга Х.Нямбаатартайгаа хамтраад тавдугаар цахилгаан станцынхаа асуудлыг хурдан шийд” хэмээн лүндэн буулгасан. Энэ нь бараг түүнийг шийдэж чадахгүй бол сайдын суудлаа өөрөө өг өө гээл гэх утгыг илэрхийлж буй.
Үндэсний аудитын газраас Эрчим хүчний сайдын “багцад” 79.98 тэрбумын зөрчилтэй гэсэн дүгнэлт гаргасан. Цэвэр зохион байгуулалт, төсвийн сахилга бат, салбарын уялдаа холбоог харуулсан зөрчлүүд гарсан байна. Үүнээс харахад, эрчим хүчний салбарын эдийн засгийн нөхцөл байдал ямар эмзэг, замбараагүй, дүрэм журамгүй явааг илтгэж байна гэх хэсэг ч байна. 30 хоногийн дараа Б.Чойжилсүрэнг хэрхэн ажил амжуулах нь уу гэдгийг дүгнэх л үлдлээ. Уг нь тэрээр энэ салбарын сайдаар хоёр ч удаа улиран суугаа нэгэн.
Монголын төрд гарсан хүмүүс авлигын хэрэгт нэлээдгүй нэр холбогддог. АТГ-аас баривчилж мөрдөн шалгалтыг хийдэг ч гэм буруугаа огтхон ч хүлээдэггүй гэхэд буруутахгүй ээ. Сүүлийн үед Эрчим хүчний яаманд ажиллаж байсан нөхдүүдийг толгой дараалан шалгаж буй. Хэн, хэн хоригдон шалгагдаж байгаа тоймыг энд дарж уншаарай.
НИЙГЭМ: Шинэ долоо хоног эхэлсэн даруйд л дахин нэг цэрэг зодуулж хүнд гэмтэл авсан хэрэг мандсан.
Монгол улсаа хамгаалж "эр хүн" болно гэлцдэг. Тэгвэл эр цэрэг биш "эрэмдэг" нэгэн болдог болжээ гэхэд хилсдэхгүй нь ээ.
Цэрэгт очоод хал цэрэг нарын зодуурын аяыг дааж амьд мэнд ар гэртээ ирнэ гэдэг одоо бараг зол юм уу гэлтэй. Ганц шанаа даахгүй цэрэг гэж юу байсан юм гэхчлэн нийгэм байх ёстой үйлдэл мэтээр хүлээж авсаар олон зууныг дамнаж бугшсан дэглэлт болон үлджээ. Уг нь аавын хүү нарыг эрүүл мэнд, бие бялдар хийгээд олон янзаар шалгаж үзэж байгаад эх орон дуудлаа хэмээн аваад явдаг. Гэвч цэрэгт нуугдсан харгислалын улмаас амиа алдах, зодуураас болж эрэмдэг нэгэн болж үлдэх, энэ тамлал хэдэн хүүгийн амьдралаар тоглож байж зогсох вэ?
Шинэ он солигдоод нэг сар ч болоогүй байна. Гэтэл оны өмнө арван хоёрдугаар сарын 24-ний өдөр олон нийтийн цахим сүлжээнд Дотоодын цэргийн 05-р анги дээр дүрмийн бус харилцаа үүссэн талаар мэдээлэл цацагдсан. Энэ хэргийг цагдаа, дотоодын цэргийн удирдлага анхааралдаа авч Дотоодын цэргийн штабаас дотоод хяналт аюулгүй байдлын алба хаагчид, штабын дэд дарга, цэргийн зохион байгуулалтын хэлтсийн дарга, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгаж буй. Уг хэргээс үүдэж цэргийн ангийн дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн. Гэвч нэмэгдэхүүний байрыг солиод ч зодуур нь арилсангүй. Бахь байдгаараа байсаар хал цэрэг нь тог тасрах үеэр эрүүг нь гурав хугаралт автал зодсон байгаа юм.
2026 оны нэгдүгээр сарын 24-ний 00:10 цагт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ гэмтэл авсан байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирлээ гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн талаар өмнө нь бид мэдээлсэн байдаг.
Тэгвэл зодуулсан цэргийн ээж Ч.Батчимэг "Миний хүүгийн биеийн байдал маш хүнд байна. Эрүүндээ гурван хугаралтай, яаралтайгаар хагалгаанд орохоор төлөвлөгдсөн. Хоол унд идэж чадахгүй, гуурсаар шингэн зүйл ууж байгаа. Тухайн үед дөрвөн сард татагдаж ирсэн түрүүч цолтой хал цэрэг нь юу ч ярихгүйгээр ухаан алдтал цохиод, эрүүг нь гурван удаа хугалсан байна. Би маш их гомдолтой байна, гомдлоо барагдтал явна.
Өглөө цэргийн ангийн гурван хүн ирж уулзсан, цэргээ хагалгаанд оруулаад эрүүл болгоно гэсэн. Эрүүл саруул байсан миний хүүг эрүүл болгоно гэж ярилаа. Харин эмч нар нээлт хийж байж хадаж болох эсэхийг шийднэ гэсэн. Хагалгаа амжилттай болоосой гэж найдаж байна.
Өнөөдөр миний хүүхэд 05 дугаар ангид зодуулж хүнд гэмтэл авлаа, маргааш хэний хүүхэд ямар гэмтэл авахыг үгүйсгэхгүй. Цэргийн ангийн дарга нарт үнэхээр гомдолтой байна. Энэ хэрэг Баасан гарагийн шөнө болсон. Манай дүүд Бямба гарагийн 12:00 цагийн үед хэлсэн. Эрүүл хүүхдээ авчирч өгөөд өнөөдөр ийм байдалтай харахаар хэний ч сэтгэлд хэцүү.
Миний хүү спортлог, хүмүүжилтэй оюутан байсан. Цаашдаа төрийн албанд ажиллана, ганцхан жилийн чөлөө аваад цэрэгт яваад ирье гээд өөрийнхөө хүсэлтээр явсан. Гэтэл энэ ангид ирээд эрэмдэг болчихлоо" хэмээн ярьсан юм.
Цэргийн ангид бүх зүйл даргын тушаалаар явагддаг гэдгийг цэрэгт явсан хүн бүхэн мэдэх биз ээ. Унт гэвэл унтана. Ариун цэврийн өрөө ор гэвэл орно. "Гэртээ өөрийн дураараа байсан хүн бүх зүйлийг даргаас асууж шийдэх ёстой болно. Иймэрхүү зүйлийг анх хийж чадахгүй хүнээр загнуулна, зодуулна. Өөрийн эрх чөлөөгөө хүний гарт бэлэглэнэ гэхэд хилсдэхгүй" гэж нэгэнтээ цэрэгт алба хааж буй шинэхэн цэрэг ярьж байсан удаатай.
Тэгэхээр томоотой, хүмүүжилтэй хүний өмнөөс үг, хэл хийдэггүй цэргүүдийг дээрэлхэж зодуур амсуулаад цаашлаад амь насанд нь хүртэл халдаад байгаа юу? энэ талаар баримт дэлгэвэл үй олноороо жагсах тул энд хүргээд түр орхиё. Цэргийн ангиудад бугшсан энэ дээрэлхэлт, зодууртаа цэг тавихгүй бол ээж бүхэн хүүгээ цэрэгт явуулахгүй гэх нь нэмэгдсээр. Цэрэгт дурлах хөвгүүд ч багасах нь ээ. Ер нь зодуур байх ёстой бол түүнийгээ ил зарлаад аав, ээжийн хайртай хүү нарыг авч явдаг болмоор ч юм уу даа. Үүний цаана олон ээжүүд шар махтайгаа хадаж байна. Өнөөдөр тэр ангид цэргээ зодож гэнэ гээд шуугиад өнгөрөх бус, өө хөөрхий зодуур даадаггүй сул дорой амьтан бэ? зэргээр хэлж, ярьдаг аа нийгэм даяараа болихыг уриалж байна.
ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ҮРГЭЛЖЛЭВ. Хоёр дахь долоо хоногтоо нийслэл хотод цахилгааны хязгаарлалт хийгдлээ. Үүний улмаас эдийн засгийн хохиролыг иргэд л амсах болж байна. Худалдаа наймаа эрхэлдэг, ажил амьдралаа цахимаар хийдэг ер нь тогноос хамааралтай бүхий л зүйлст нэлээдгүй хүндрэл бэрхшээл амсав. Цахилгаанаар асуудлаа шийдсэн айл өрхүүд шугам хоолойн задарсан, цахилгааны таслалтаас үүдсэн цахилгаан хэрэгсэл нь шатаж, гэмтсэн тэр бүү хэл масс үүсэж айл шатсан гээд олон хохирол учирлаа. Харин өдгөө үүний хохиролыг хэн хариуцах нь тодорхойгүй байгаад иргэд бухимдалтай хандаж буй.
БАГШ НАРЫН ЦАЛИН НЭМЭГДЭХ БИШ ХАСАГДСАН ХЭМЭЭВ.
МҮЭХ-ноос Ерөнхий сайд Г.Занданшатарт багш, эмч нарын цалингийн нэмэгдэл, цалин олгох системийг шинэчлэхтэй холбоотой шаардлага хүргүүлэв. Тодруулбал, Боловсролын салбар болон эрүүл мэндийн салбарын ажилчдын үндсэн цалинг энэ оны нэгдүгээр сараас эхэлж нэмсэн ч Засгийн газрын тогтоол шийдвэрүүдийн хоорондын уялдаагүй байдал цалин хөлсний алдаатай тооцооллоос болж багш, эмч нарын зарим нэмэгдлийг хасаж цалинг олгож байгаа нь тэдний цалинг нэмэх бус хасаж олгож байна гэж үзжээ.
Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллага болох Монголын боловсролын салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газартай хэлэлцээ хийж цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Гэтэл дээрх салбаруудын ажилчдын энэ оны нэгдүгээр сард олгосон цалин бодит өсөлтөд хүрээгүй. Тиймээс эрүүл мэнд болон боловсролын салбарын ажилчдын цалинд үүсээд буй зөрчлийг яаралтай арилгаж өгөх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлээд байна.
ЭДИЙН ЗАСАГ: Хэрэглээний болон цахим аппликэйшнээр олгодог зээлийн давхардлыг бууруулна
Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд иргэдийн хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, өрийн дарамтыг бууруулах, цахим зээлийн давхардлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцээд дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Үүнд
- Өр, орлогын харьцааг илүү оновчтой тооцоолон зээлийг зохистой хэмжээнд олгох, иргэдийг өрийн дарамтад орох эрсдэлийг бууруулах зорилгоор өр, орлогын харьцааг 60 хувь байсныг 55 болгож тогтоолоо. Ингэхдээ банк бус санхүүгийн байгууллага(ББСБ)-ууд нь хэрэглээний зээл олгох тохиолдол бүрд харилцагчийн зээлийн эрхийг тооцоолж, уг харьцааг хангасан эсэхийг шалгасны үндсэн дээр зээл олгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр иргэдийн хэрэглээний зээлийн эрсдэл буурах боломж бүрдэх юм.
- Мөн харилцагчийн өр, орлогын харьцааг тооцохдоо финтек зээлийн эрхийн дүнгээр зээлийн төлбөрт тооцох, зээлийн бүтээгдэхүүний сурталчилгаанд зээлийн хүү болон бусад нөхцөлийг заавал тусгахаар журамлалаа.
Энэхүү журмын нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр иргэдийн хэрэглээний болон давхар зээлийн эрсдэл буурах, цахим аппликэйшнээр олгогддог зээлийн давхардал хязгаарлагдах давуу талтай. Мөн иргэдийн өрийн дарамт буурах, санхүүгийн сахилга бат сайжрах, зээлийн зах зээлд хариуцлагатай зээл олголт төлөвших, иргэдийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээлэв.
СПОРТ: Б.Мөнх-Эрдэнэ Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнээс алтан медаль хүртэв
Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнх-Эрдэнэдээ Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээний 57 кг-ын жинд алтан медаль хүртжээ. Энэ нь Монголын чөлөөт бөхийн эрэгтэй төрөлд 27 жилийн дараа алтан медальтан төрсөн тохиолдолд болж байна. Б.Мөнх-эрдэнийн энэ удаагийн тэмцээнд жингийн отгон дэлхийн аварга Хойд Солонгосын бөх Хан Чонсоныг техникийн илт давуу байдлаар хожсон. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд байсан юм.
Чөлөөт бөхийн “Бага дэлхийн аварга” хэмээн алдаршсан энэхүү нэр хүндтэй тэмцээнээс өмнө нь 1991 онд ОУХМ Л.Сэргэлэнбаатар, 1999 онд МУГТ О.Пүрэвбаатар нар алтан медаль хүртэж байсан түүхтэй.
Мөн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд үндэсний шигшээ багийн тамирчин Х.Болортуяа 59 кг-ын жинд, 65 кг-ын жинд Т.Энхжин нар хүрэл медаль хүртээд байна.
Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн зодог тайлах ёслол боллоо
Мэргэжлийн сүмогийн 73 дахь их аварга Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн зодог тайлах ёслол өнөөдөр /2026.01.31/Токио хотноо болж байна. Тэрбээр өнгөрсөн 2025 оны нэгдүгээр сард хүнд бэртлийн улмаас замналаа үргэлжлүүлэх боломжгүй болсон гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан юм.
Түүний зодог тайлах ёслолын тасалбар хамгийн үнэтэй нь 60,000 иен бол хамгийн хямд нь 7,000 иенийн үнээр зарагдаж, бүх тасалбар дуусчээ. Зодог тайлах ёслолд их аварга Хакүхо М.Даваажаргал, үндэсний бөхийн дархан аварга Н.Батсуурь тэргүүтэй зочид оролцож байна. Мөн Японы олимп, дэлхийн аваргуудаас эхлээд урлаг, спорт, бизнесийн салбарын нөлөө бүхий эрхмүүд оролцож байгаа юм.
Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сүмогийн замналдаа дээд зиндаанд нийт арван удаа түрүүлсэн. Олон удаагийн хүнд бэртлийн улмаас дээд зиндааны озеки золтноос доод зиндаа хүртэл эрэмбэ буурч байлаа. Энэ асуудлаас болж ихэнхи бөхчүүд сэтгэл гутралд орон, шантарч, зодог тайлдаг бол тэр бууж өгөөгүй. Дэвжээний багшийнхаа зөвлөгөөг дагаж бэртэл гэмтлээ бүрэн эдгээн 2019 оны гуравдугаар сарын башёд жонидан зиндаандаа нэг ч ялагдалгүй долоо даван энэ эрчээрээ санданмэ, макүшита, жүрёо зиндаануудад дэвшин дараалан түрүүлж эргэн макүүчи буюу дээд зиндаанд түрүүлэн их аварга цол хүртсэн түүхэн бөх юм.







Зочин · 2 цагийн өмнө
BOOB VANAG YDAAN XELEERE XNTAL DOLOOMOOR XXN UILCHLEX
Зочин · 2 цагийн өмнө
BOOB XXI BOOW DOLOOJ NAADI SEXSDMEER AL SEXSEER SEKSY ANUSDAX80955877