А.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах боломжийг судална
2 цагийн өмнө

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, сар шинийн бэлтгэл ажилтай холбоотой замын хөдөлгөөний зохицуулалтын талаар хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Сар шинийн баяр болох гэж буйтай холбоотой зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн хөдөлгөөн ихсэж, гол гудамж, замууд ачаалж байна. Тухайлбал, Нарантуул, Дүнжингарав, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төвүүд рүү чиглэсэн хөдөлгөөнөөс үүдэж Намянжүгийн гудамж, Их тойруу, Үндсэн хуулийн гудамжнууд ачаалж, худалдааны төвүүдийн уулзварын нэвтрүүлэх чадвар 40 хүртэл хувиар буурсан үзүүлэлттэй байна. Иймд, Замын хөдөлгөөний удирдлагын төв Тээврийн Цагдаагийн албатай хамтран гэрлэн дохионы зохицуулалтаас гадна тодорхой байршлуудад алба хаагчдыг байршуулан, ачааллыг тэнцвэржүүлэхээр ажиллаж байна” гэв.
Ажлын хэсгийн гишүүд сар шинийн бэлтгэл ажилтай холбоотой хийж буй замын хөдөлгөөнийг зохицуулалтын талаар санал солилцож, НИТХ-ын дарга А.Баяр дараах чиглэлүүдийг өглөө.
Нэгдүгээрт, зах, бөөний төвүүд уртасгасан цагаар ажиллах боломжтой эсэхийг худалдаа эрхлэгчид болон түрээслэгчидтэй уулзаж, тодорхой болгоё. Түүнчлэн, уртасгасан цагаар ажиллахыг дэмжиж буй эсэхийг иргэдээсээ асууя.
Хоёрдугаарт, амралтын өдрүүдэд тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэхийг иргэдээсээ мөн асууя. Иргэдийн санал дээр үндэслэж, сар шинийн баярын өдрүүдэд түгжрэлийг хамгийн бага хэмжээнд барих тохиромжтой хувилбарыг боловсруулъя.
Гуравдугаарт, баярын өдрүүдийн замын хөдөлгөөний байдлыг шууд дамжуулалтаар үзүүлье. Ингэхдээ Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камерын дэлгэцээс биш хамгийн их түгжирдэг цэгүүдэд шууд дамжуулалтын багууд ажиллуулж, иргэдийг мэдээллээр хангая. Мэдээллийг дамжуулах суваг олон бөгөөд хүртээмжтэй байх ёстойг анхааръя" гэлээ.






