Мал хулгайлж, бэлчээрт нь нядалдаг бүлэг этгээдийг баривчилжээ
2 цагийн өмнө

Цагдаагийн ерөнхий газраас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулсан шуурхай арга хэмжээний хүрээнд бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
Тодруулбал, А нарын бүлэг этгээд нь 2025 оны арваннэгдүгээр сараас хойш Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Мөнххаан, Уулбаян сумдын нутаг дэвсгэрт нийт 13 удаагийн үйлдлээр иргэдийн 17 бод, 9 бог малыг хулгайлан, бэлчээр дээр нь нядалж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.
Уг хэрэгт холбогдсон этгээдүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа аж.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд зааснаар бусдын малыг хулгайлсан тохиолдолд зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ял шийтгэхээр хуульчилсан байдаг. Харин уг гэмт хэргийг бүлэглэн үйлдэх, олон тооны мал хулгайлах, машин механизм ашиглах, ноцтой хохирол учруулах зэрэг хүндрүүлэх нөхцөлтэйгээр үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй юм.
Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэрэг нь малчдын амьжиргаа, эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулдаг болохыг онцолж, иргэд, малчдыг малаа хариулгатай байлгах, сэжиг бүхий этгээд, тээврийн хэрэгслийг ажигласан тохиолдолд яаралтай мэдээлэхийг анхаарууллаа. Мөн гарал үүсэл тодорхойгүй мах, мал худалдан авах, тээвэрлэхээс татгалзахыг уриалж байна.






