Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2 цагийн өмнө

Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өнөөдөр /2026.03.01/ 01:00:03 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Тодруулбал, Богд сумын төвөөс баруун урд зүгт 38 километрийн зайд газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн төвийн байршил нь өргөрөг 45.03, уртраг 100.35 хэмд бүртгэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраас нөхцөл байдлыг тодруулахад, чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд одоогоор хохирол, гэмтэл бэртлийн мэдээлэл ирээгүй байна.
Газар хөдлөлт гэдэг нь дэлхийн царцдас дахь тектоник хавтангуудын хөдөлгөөн, хагарал шилжилтээс үүдэн хуримтлагдсан энерги гэнэт чөлөөлөгдөх үед үүсдэг байгалийн үзэгдэл юм. Энэ үед газрын гадарга чичирхийлж, долгион тархах бөгөөд уг чичирхийллийн хүчийг магнитудын шатлалаар хэмждэг. Магнитудын хэмжээ ихсэх тусам газар хөдлөлтийн нөлөө, учруулах хохирол нэмэгдэх эрсдэлтэй. Газар хөдлөлт 3–4 магнитуд байвал ихэвчлэн сул чичирхийлэл хэлбэрээр мэдрэгдэж, ноцтой хохирол учруулах нь ховор байдаг аж.
Газар хөдлөлтийн үед иргэд дараах зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна. Үүнд:
- Газар хөдлөлт мэдрэгдсэн тохиолдолд тайван байж, сандрахгүй байх
- Барилга байгууламжийн эвдрэл, хагарал үүссэн эсэхийг шалгаж, аюултай хэсэгт ойртохгүй байх
- Зуух, цахилгаан хэрэгсэл, хий ашигладаг бол унтраасан эсэхийг нягтлах
- Албан ёсны байгууллагуудаас өгч буй мэдээлэл, сэрэмжлүүлгийг тогтмол хүлээн авч дагаж мөрдөх
- Болзошгүй эрсдэлээс сэргийлж, онцгой байдлын үед хэрэглэх хувийн бэлтгэлээ хангах






