Монгол Улсын Ардын багш, доктор, профессор, зохиолч, сэтгүүлч Тугалхүүгийн Баасансүрэнтэй ярилцлаа.


-Сар шинийн баярын өмнө “Ардын багш” хэмээх цол хүртсэнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Та бол амьдралынхаа 50 гаруй жилийг эрдэм судлал, утга зохиол, сэтгүүл зүй, шүүмж судлалын бүтээлд зориулсан. Ажил хөдөлмөрийнхөө гарааг хаанаас эхэлж байсан талаар ярилцлагаа эхэлье?

-Баярлалаа. Би хүүхэд байх үеэсээ л сэтгүүлч, зохиолч болно гэж шийдсэн. Үүнийхээ дагуу амьдарч байгаа хүн. 1961 онд Монголын Пионерын байгууллага, одоогоор бол Хүүхдийн байгууллагын 40 жилийн ой болсон. Тэр жилд Хүүхдийн байгууллагыг Сүхбаатарын одонгоор шагнасан. Талбайд хүүхдүүдийн жагсаал болоод, пионерын тугийг гурван хүүхэд эхэнд нь мандуулж явсны нэг нь би юм. Би яагаад үүнийг хэлж байна гэвэл, урьд өдөр нь Дуурийн театрт хурал болж Ю.Цэдэнбал дарга Монголын Хүүхдийн байгууллагын туганд Сүхбаатарын одон өгөхдөө намайг үнссэн юм. Тэр үед миний хажууд их сайн математикч хүү, нөгөө талд хөгжмийн авьяастай охин байсан. Ингээд бид гурвыг үнсэж байлаа.

Тухайн үед даргыг үнсэхэд “Дарга сахалтай юм байна” гэж л бодогдож билээ. Тэр үед дунд сургуулийн жаахан хүүхэд байж. Ингээд хурал болоод концертын завсарлагаанаар Дуурийн театрын зочдын өрөөнд “Одон гардаж авсан гурван хүүхдийг оруулаад ир” гэж бид гурвыг дуудсан юм билээ. Тэгээд ороход Ю.Цэдэнбал дарга надаас “Ямар мэргэжилтэй болох вэ” гэхэд нь зохиолч, сэтгүүлч болно гэж хэлж билээ. Энэ үгэндээ үнэнч явсаар ирлээ. Тухайн үед Ю.Цэдэнбал дарга “Та нар сайн байна, дуртай мэргэжлээ сонгох гэж байна. Гэхдээ Монгол Улсад эдийн засагчид, төрөл бүрийн инженерүүд хэрэгтэй байна” гэж хэлж байсан нь санагддаг юм. Ингээд долдугаар ангид байхдаа Монголын уран зохиолын их том хүн Донровын Намдаг гуай намайг өөрийнхөө шавь болгож авсан. Тэр хүний нөлөө их байсан гэж боддог. Ингээд аравдугаар ангиа төгссөн. Тухайн үед яам, газрууд зохих тооны хүүхдүүдийг гадаад, дотоодын их сургуульд явуулдаг байлаа.

Ирэхэд нь албан ажилд авдаг байсан юм. Миний хувьд "Үнэн" сонины нэр дээр суралцаж, нэг жил хэлний бэлтгэл, таван жил Москвагийн их сургуульд сэтгүүлчийн ангид суралцаад ирсэн.

Ингээд 1974 онд сургуулиа төгсөж ирээд, "Үнэн" сониноос ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Өдгөө 52 жил улс, нийгэмд хөдөлмөрлөж байна. Энэ хооронд мэдээлэл радио телевизийн улсын хороо, “МОНЦАМЭ” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад ажилласан.

Гэхдээ яагаад багш болсон бэ гэвэл, дуртай сэдвээрээ судалгааны ажил хийгээд явчихсан хүн л дээ. Монгол Улсын Боловсролын тухай хуульд нэг заалт бий. Ямар ч мэргэжилтэй хүн Их, дээд сургуульд өөрийнхөө мэргэжлээр багшлах эрхтэй гэсэн байдаг. Үүнийг хуулиар зөвшөөрсөн. Ингээд Их, дээд сургуультай хувь заяагаа холбож байлаа. МУИС, Отгонтэнгэр их сургуульд багшилж байсан. Одоо бол УБЭИС-д багшилж байгаа. Энэ сургуулиа 30 жилийн өмнө үүдээ нээхээс нь эхлээд өдийг хүртэл багшилж байна. Сэтгүүлч, зохиолчийн ажлаа багшлах ажилтай холбоод 52 жил болжээ. Багшилж байгаа минь сэтгүүлч зүй, утга зохиолоор юу мэддэг, тэр бүгдийгээ залуу үеийнхэндээ үлдээх гэсэн л оролдлого шүү дээ.

-Та сэтгүүлч, зохиолч, багшаас гадна дипломатч хүн шүү дээ. 2002 оноос эхлээд дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсаас Польш улсад суугаа Элчин сайдаар ажилласан. Тэр үед ажиллаж байсан тухайгаа дурсан яривал?

-2002 оноос эхлээд дөрвөн жил Польш улсад Элчин сайдаар ажиллаж байлаа. Ингэхдээ дөрвөн оронд мөн хавсран Элчин сайдаар суусан. Украин, Балтын гурван орон буюу Эстони, Латви, Литва улсад ажилласан. Ингээд улсынхаа нэрийн өмнөөс итгэмжлэх жуух бичгээ барин, таван орон, Монгол хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дөрвөн жил зүтгэсэн. Элчин сайдаар ажиллахад үнэнхүү их ажилтай юм билээ. Гадаад систем гэдэг биднээс их өөр. Тухайн үеийн Ерөнхий сайд надад нэг л даалгавар өгч байлаа. Монгол Улс Орос улсад 10 тэрбум ам.доллартай тэнцэх өртэй байсан. Тухайн үед бүх социалист орноос Монгол Улс зээл их авсан байдаг. Энэ дотор хамгийн их зээл авсан улс нь Оросын дараагаар Польш орон байв. Польшоос 30 сая ам.долларын зээл авсан байсан. Ингээд Ерөнхий сайд надад "Энэ өрийг та тэглэж ирэх ёстой" гэсэн хатуу үүрэг өгсөн. Ингээд би дөрвөн жил үүний төлөө хөөцөлдсөн дөө.

Польш нөхөдтэйгөө дотно харилцаж, Гадаад яам, Сангийн яам гээд манайхыг хариуцдаг бүх хүнтэй уулзаж, учир байдлаа хэлж байлаа. Польшчууд бол их сайхан улсууд, манай улсын амьдралын нөхцөл байдлыг их сайн мэднэ. Тухайн үед Польш улс Европын холбоонд элсэх гээд юун Монголтой манатай л байсан л даа. Польшийн эрдэмтэд, шинжлэх ухааныхан Монголд ажиллах нэлээд сонирхолтой байлаа. Археологи, эртний судлал, үлэг гүрвэлийн судлалд их орсон байдаг. Ингээд дөрвөн жил намайг ажиллахад Польшийн тал үнэхээр ойлгосон. Хоёр улсын боловсрол, соёл гээд зүйлс тэр дөрвөн жилд сэргэсэн байдаг. Ингээд дөрвөн жил болоод, Ерөнхий сайдын үүргийг биелүүлж, нутагтаа ирж байлаа. Түүнээс хойш Монгол Польшийн харилцаа шинэ шатанд гарсан. Элчин сайдаар ажиллаж байхад сайд, дарга нар, УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн айлчлал олон хийгдэж байлаа.

-Энэ хугацаанд та бичгийн ажлаа хийсээр байв уу?

-Би уг нь жилд нэг ном бичдэг юм. Одоо би 76-тай. Миний бичсэн ном 80 хүрчихсэн байна лээ. Би Элчин сайдаар ажилласан дөрвөн жилд нэг л ном бичсэн. Уран бүтээлд биш өөр зүйлд анхаарлаа хандуулсан. Харин "Элчин сэтгүүлчийн тэмдэглэл" гэж Польш, Украин, Балтын гурван орны тухай ном гаргасан. Дөрвөн жилд нэг л ном бичнэ гэдэг эргээд бодоход уран бүтээлчийн хувьд их тусгүй зүйл. Тухайн үед Б.Даш-Ёндон дарга Болгарын Элчин сайдаар гурван жил суухдаа 3-4 ном бичсэн байсан. Б.Даш-Ёндон даргатай харьцуулахад тухайн үед өөрийгөө дутуу л дайчилдаг юм байна гэж бодож байлаа.

-Ажил, мэргэжлийнхээ буянаар та олон сайхан хүмүүстэй уулзаж байсан биз?

-Зөндөө, зөндөө. Ю.Цэдэнбал даргаас эхлээд олон сайхан зохиолч нартай уулзаж явлаа. Зохиолчдоос гэвэл Ц.Дамдинсүрэн, Ш.Сүрэнжав, Д.Цоодол, Ш.Дулмаа, Д.Мягмар, Т.Очирхүү, С.Дашдэндэв, С.Удвал гуай, Зундуйн Дорж гээд олон сайхан хүмүүстэй уулзаж явлаа.

-Таны уран бүтээлийн талаар яриагаа үргэлжлүүлье. "Монголын уран зохиолын дээжис 108 боть"-д таны тууж, роман боть болж багтсан байдаг шүү дээ?

-"Монголын уран зохиолын дээжис 108 боть" хоёр удаа хэвлэгдэхэд 71, 82 дахь ботид нь миний бүтээлүүд багтсан байдаг. "Алтай" туужаараа би Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн. Сономын удвал гуайн "Алтай" туужийг уншаад хэлсэн үг нь байдаг. Миний хувьд арав гаруй уянгын тууж бичсэн. Гурван роман бичсэн. "Алтай" тууж, "Тэрбумтан" роман хоёр орос хэл дээр хэвлэгдсэн. "Уулс, үүлс, туульс" роман хоёр дэвтэртэй. Номын сангуудад бүгд бий. Гэхдээ би номын дэлгүүрээр номуудаа нэг их зардаггүй юм.

-Сүүлийн үеийн утга зохиол, сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа залуусыг та хэрхэн дүгнэж байна вэ. Энэ талаар таны бодлыг сонсмоор байна?

-Монголын утга зохиол судлал зохих хэмжээнд байгаа. Миний хувьд ч утга зохиол судлалд өөрийнхөө хувь нэмрийг оруулсан. Дэмбээгийн Мягмарын туужаас эхлээд, Донровын Намдаг гуайн олон өгүүллэгт задлан шинжлэл хийж үзсэн. Миний судалгаа шинжилгээний 50 орчим ном бий. Харин сэтгүүл зүйн судлал, шүүмжлэлд их учир бий. Судлал нь байгаа. Яагаад гэвэл доктор болох хүсэлтэй хүмүүсийг бид удирдаад, сэдэв өгөөд судалгаа хийдэг. Монголд сэтгүүл зүйн чиглэлээр доктор хамгаалсан 40 гаруй хүн байна. Тэгэхээр 40 гаруй судалгааны ажил хийгдсэн гэсэн үг. Жишээ нь, Л.Норовсүрэн, М.Зулькафиль хоёр бол хоёулаа миний гараар орсон шавь нар. Ингээд мэргэжилдээ үнэнч хүмүүс нь цааш явдаг. Харин сэтгүүл зүйн шүүмж гэдэг зүйл манайд байдаггүй юм. Сайн юм хийгээд, түүнд нь урам өгч байх ёстой юм л даа, уг нь. Шүүмж гэдэг дандаа муулахыг хэлэхгүй. Сайныг нь магтаж болно. Энэ нь уншигч ховордоо биш. Юунаас болоод гацаад явахгүй байна вэ гэвэл, эдийн засгийн дэмжлэг алга. Социализмын үед ийм зүйлийг төрөөс зохицуулдаг байсан. Утга зохиол, сэтгүүл зүй гэдэг нийгмийн сэтгэл санааг төлөвшүүлэхэд нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, төр засагт хамгийн хэрэгтэй зүйл нь энэ шүү дээ. Сэтгүүл зүйн үндсэн долоон үүргийн нэг нь удирдлагын хэрэгсэл байдаг. Тийм учраас нэгэнт ийм юм хийлгэж байгаа бол эдийн засгийн хөшүүрэг өгч, бодлогоор дэмжих ёстой. Энэ нь төр засагт, нийгэмд өөрт нь хэрэгтэй. Саяхан хэмнэлтийн тухай хуулиар сонин захиалж болохгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ чинь хатуухан хэлэхэд, хөгжүүлэх биш хааж байна л гэсэн үг. Энэ талаар олон шүүмжлэл бичдэг юм. Харин төр засгийн удирдлага маань хэр их уншдаг юм бүү мэд.

 

Г.БАЛГАРМАА

ӨДРИЙН СОНИН