Ц.Болорчулуун: Тариаланчдад 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох ажил эхэлсэн, тариалалтаас өмнө амжина
1 цагийн өмнө

Тариаланчдад энэ онд хөнгөлөлттэй зээл олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.
-Тариалан эрхлэлтийг дэмжих, ургацын хэмжээг нэмэгдүүлэх үүднээс Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн гэсэн. Энэ талаар ярьж өгнө үү?
-Нийтдээ 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг Засгийн газраас тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр олгохоор шийдвэрлэсэн байгаа. Үүнээс ногоочдод 30 орчим тэрбум төгрөг, үр тарианы үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөгийг нь олгох болов уу хэмээн тооцоолж байна. Урьд жилүүдэд явж байсан ажлууд дээрээ үндэслэж ингэж тооцсон. Одоогоор арилжааны долоон банктай гэрээ байгуулчихсан байна. Тиймээс банкууд судлаад, зээлээ олгоод эхэлж байгаа. Тэгэхээр энэ хаврын тариалалтаас өмнө
амжина гэж тооцсон. Ер нь нэлээд эртнээс хийж байгаа учраас амжина.
-Зээлийн хүү болоод аж ахуйн нэгжүүдийн эргэн төлөлтийн нөхцөл юу байх вэ?
-Эргэлтийн хөрөнгийн зээл учраас нийтдээ хоёр жилийн хугацаатай байна. Харин Засгийн газраас зээлийн хүүгийн 10 хувийг дааж байгаа. Үлдсэн долоон хувийг нь аж ахуйн нэгжүүд өөрсдөө хариуцахаар шийдвэрлэсэн.
-Тэгэхээр арилжааны банкуудаас нийтдээ 17 хувийн хүүтэй гарч байгаа зээл юм уу?
-Тийм, Засгийн газраас тодорхой хувийг нь дааж байгаа учраас тариаланчдад маань томоохон боломж гэж харж байгаа.
-Уг зээлийн зорилго юу вэ. Үр тариа болон ногооны дотоодын хэрэгцээг хангах, нөөц бүрдүүлэх зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа юм уу?
-Ноднин жил татвар болон бусад хүчин зүйлтэй холбоотойгоор улсын хэмжээнд тариалалт жаахан багассан шүү дээ.
Мөн тариалангийн гол бүс нутгууд маань гантай байсан нь ч нөлөөлсөн. Тийм болохоор зарим ургац алдаж байгаа талбайнуудаа уриншилсан. Тэгэхээр энэ жилийн тухайд ийм зээл олгосноор тариалалт нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа. Улсаас эргэлтийн хөрөнгөөр нь дэмжээд өгье. Ингэснээр тариалалтаа дотоодын үйлдвэрлэлээ хангаж чадсан түвшиндээ хүргэе л гэж зорьж байгаа юм.
-Энэ жил тариалалт хэдийнээс эхлэхээр төлөвлөсөн бэ. Хэр хэмжээнд тарих юм бэ?
-Энэ онд улсын хэмжээнд 470 гаруй мянган га талбайд үр тариа тариалахаар урьдчилсан төлөвлөлт гарсан. Ямар ч байсан тавдугаар сарын эхний долоо хоногоос тариалалт эхэлчих байх.
-Үрийн буудайн нөөцийн хувьд хэр байгаа вэ?
-Үрийн буудайны хүрэлцээ хангамжийн хувьд аж ахуйн нэгжүүд өөрсдөө нэлээд нөөцөлсөн байгаа. Дээрээс нь хөдөө аж ахуйн нөөцдөө бид 11 мянган тонны нөөцтэй байна. Мөн аж ахуйн нэгжүүддээ 10 мянган тонны квот өгсөн. Тийм болохоор ямар ч байсан төлөвлөж байгаа хэмжээндээ хүрнэ гэж тооцоолж байгаа.
-Аж ахуйн нэгжүүдэд квот өгсөн гэдэг нь тийм хэмжээний үрийн буудайг гаднаас оруулж ирнэ гэсэн үг үү?
-Үрийн шинэчлэлд нь зориулж ОХУ-аас 1 мянган тонн үрийн буудай оруулж ирэх квотыг аж ахуйн нэгжүүдэд өгчихсөн байгаа юм. Мөн Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Монголын тариаланчдын үндэсний холбооны төлөөлөл, тариаланчидтай уулзах үеэрээ сайн чанарын үрээр хангах, тариаланчдаас 100 мянган тонн хүнсний улаанбуудай худалдан авч нөөц бүрдүүлэх, тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэхийг даалгасан байгаа.
Т.Дархан
ӨДРИЙН СОНИН







Зочин · 53 минутын өмнө
BOOB XXN BOOW DOLOOX ANUSDI 80955877