ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД Б.НЯМЖАВ ДЭЛХИЙН БАНКНЫ БАЙГАЛЬ ОРЧИН ХАРИУЦСАН ЗАХИРАЛ ВАЛЕРИ ХИКИ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
1 цагийн өмнө

Дэлхийн Банк Группийн Байгаль орчны асуудал эрхэлсэн олон улсын захирал хадагтай Валери Хики 2026 оны 3 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн 17-р бага хурлыг дэмжих зорилгоор Монгол Улсад айлчлаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Б.Нямжав тус айлчлалын үеэр 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүлээн авч, уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулахаар бэлтгэж байгаа нь цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн тогтвортой менежментийн асуудлыг дэлхийн түвшинд хэлэлцэхийн зэрэгцээ Монгол орны бэлчээрийн менежмент, нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсад таниулах чухал боломж бөгөөд үүнтэй уялдан Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил (International Year of Rangelands and Pastoralists, IYRP) болгон зарласан нь бэлчээрийн экосистемийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, орон нутгийн амьжиргааг дэмжих, тогтвортой хөгжлийг хангах зорилтуудыг уялдуулан хэрэгжүүлэх ач холбогдолтой юм. Эдгээр томоохон ажлуудын хүрээнд малын эрүүл мэнд, вакциныг дотооддоо үйлдвэрлэх нь чухал ач холбогдолтой талаар хэлэлцлээ.
Монгол Улс, Дэлхийн Банк хоорондын олон үр дүнтэй төсөл хөтөлбөрүүдийн хамтын ажиллагаа улам бүр цэцэглэн хөгжих хэрэгтэй гэдгийг хоёр тал онцлон тэмдэглэв.







