Эрчим хүчний салбарынхан ажил хаялт зарлаж буйгаа мэдэгдлээ
2 цагийн өмнө

Дулаан, цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарынхан ажил хаялт зарлаж байгаа тухай мэдээллээ.
Тус Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Э.Адъяасүрэн "Эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлс нь хийж буй хөдөлмөр, хүнд нөхцөлдөө үнэхээр хангалтгүй байна. Өнөөдөр уг салбарынхан хүний нөөцийн хөгжил, боломж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ярих ч хэрэггүй нөхцөлд ажиллаж байна. Техник технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалт улсын хэмжээнд хаягдсан.
Бид 2026-2027 оны хэлэлцээрийг 2025 оны арванхоёрдугаар сард эхлүүлсэн. Таван удаагийн уулзалтын дараагаар хэлэлцээрт зарим нэг асуудлаар тохиролцоонд хүрээгүй. Иймд сонирхлын маргаан үүсгэж, хуулийн хугацаанд үргэлжлээд шийдэлд хүрээгүй тул ажил хаях нөхцөл үүссэн. Уг ажил хаялтад Дулаан, цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.
"ДЦС IV"-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга н.Ган-Эрдэнэ "ДЦС IV нь төвийн бүсийн эрчим хүчний 60 орчим хувийг үйлдвэрлэдэг. Станцад доголдол гарснаар энэ өвөл нийслэлээрээ тогны хязгаарлалтад орж, ямар хүндрэл үүсэж байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Өвлийн ид ачааллын үед зуух зогсоход 60-70 градусын халуунд шууд орж ажилласан.
Цэнхэр каскаа хайлтал халуун нөхцөлд ажиллаж, гэмтлийг устгадаг. Иймд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд ажил хаялтад нэгдэнэ гэдгээ мэдэгдэж байна. Ажилтнууд ч цалин хөлсөө нэмүүлэхийг шаардаж байгаа" гэв.
Эрчим хүчний салбарынхан цалин хөлсийг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх, цагийн тариф буюу итгэлцүүр мөрдөх гэсэн дордуулсан заалтыг итгэлцүүрээр гэж өөрчлөх зэрэг 12 шаардлагыг тавиад байсан юм. Гэвч таван удаагийн уулзалт, хэлэлцээр хийгээд тохиролцоонд хүрээгүй бөгөөд Эрчим хүчний яамнаас цалин хөлс нэмэх боломжгүй гэдгийг удаа дараа илэрхийлсэн учир ийнхүү ажил хаялт зарлажээ. Эрчим хүчний салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын гишүүдийн 80 хувь нь гарын үсэг зурсан байна.







Зочин · 2 цагийн өмнө
TSAG SEXSYGR80955877BOOW XXI BOOW DOLOOJ80955877