Бусдыг нүцгэлж зургийг нь цахимд тавина гэж сүрдүүлсэн этгээдүүдийг ₮10 саяар торгожээ
2 цагийн өмнө

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийг тоймлон хүргэлээ.
Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргээс:
- Насанд хүрээгүй З.Э, Б.М нар нь бүлэглэн 2024 оны зургаадугаар сарын 02-ны өдөр насанд хүрээгүй хоёр хохирогчийг хууран мэхэлж, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт аваачиж, найзтай нь харилцсан гэх шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдаж, зодож, хувцсыг нь тайлуулж, зургийг нь цахим орчимд тавина гэж сүрдүүлж, заналхийлсэн үндэслэлээр шүүхээс З.Э, Б.М нарыг гэм буруутайд тооцож, тус бүрд нь хоёр сая төгрөгийн торгуулийн ял оногдуулж, хохирогч нарт учирсан хохиролд найман сая төгрөгийн хохирол төлүүлж шийдвэрлэсэн;
- БНХАУ-ын иргэн Ч.Г нь өөрт нь өр төлбөртэй иргэнээс төлбөрөө авахын тулд 2023 оны нэгдүгээр сард нэр бүхий хүмүүст захиалга өгч, тухайн иргэний бие эрх чөлөөнд халдаж, айлган сүрдүүлж, нэр дээр нь бүртгэлтэй хоёр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, бусадтай бүлэглэн заналхийлсэн гэмт буруутайд тооцож шүүхээс Ч.Г-д таван жил, зургаан сарын хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн;
- С.У нь 2025 оны есдүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэртээ гэр бүлийн харилцаатай, хамтран амьдрагч эмэгтэйг онц харгис хэрцгийгээр зодож, амь насыг нь хохироож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алсан үндэслэлээр шүүхээс С.У-г гэм буруутайд тооцож, 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх ялын үлдэгдэл 3 жилийг нэмж, нийт эдлэх ялыг нь 23 жил, 22 хоногоор тогтоон, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохиролд 118.8 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн;
- Ч.Б, Ж.Б нар нь бүлэглэн 2025 оны долдугаар сарын 24-ний өдөр ... аймгийн нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжтай ургамлыг түүж бэлтгэсэн, хадгалсан үндэслэлээр шүүхээс Ч.Б, Ж.Б нарыг гэм буруутайд тооцож, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарах эрхийг нь хязгаарлаж, хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шийдвэрлэсэн;
- Г.М нь 2025 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр ... дүүргийн нутаг дэвсгэрт сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжтай ургамлыг олж авч, тээврийн хэрэгсэлдээ хадгалсан үндэслэлээр шүүхээс Г.М-ийг гэм буруутай тооцож, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарах эрхийг нь хязгаарлаж, нэг жил, дөрвөн сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг нь улсын орлого болгохоор шийдвэрлэснийг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.






