УИХ-ын даргыг шинээр томилох асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Золжаргалаас байр суурийг нь сонирхлоо.


-МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэхээр болсон. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын дарга гэдэг албан тушаал хэт их улстөржсөн байгаа нь саяны хэд хоногийн зөрчлөөс их тодорхой харагдлаа. Гэтэл уг агуулга нь УИХ-ын дарга гэдэг бол Монгол Улсын төрийн эрхийг барих дээд байгууллагад оролцогчдыг эрх тэгш оролцуулж, үгийг нь хэлүүлж, эрүүл мэтгэлцээн явуулах л зохицуулагч. Түүнээс биш улс төр хийгээд байх албан тушаал биш. Харамсалтай нь бодит байдал дээр улс төр хийдэг албан тушаал болжээ. Хоёрдугаарт, энэ албан тушаалд хэнийг тавих вэ гэдэг нь асар чухал улс төрийн асуудал болсон байна.

-Бүлэг, фракцуудын хувьд бүр илүү чухал байх шиг байна, тийм үү?

-Тийм, тэгэхээр энэ нь нэг зүйлийг харуулж байгаа юм. Бид нам төрийн дээр байхгүй гэдэг формал үг хэллэгтэй мөртлөө бодит байдал дээр нам төрийн дээр байгааг л харуулж байна шүү дээ. УИХ-ын дарга гэдэг нь намын улс төрийн их чухал асуудал болчихоод байна.

-Ардчилсан намын зүгээс ын даргыг заавал эрх барьж байгаа нам дэвшүүлэх ёсгүй гэсэн зүйлийг ярьсан байсан. Үүн дээр юу хэлэх вэ?

-Монгол Улсын Үндсэн хуулиар УИХ-ын дарга гэдэг нийт гишүүд дундаас нэр дэвшдэг. Харин УИХ-ын дэд даргыг нам, эвслийн бүлгүүд нэр дэвшүүлнэ. Түүнээс биш УИХ-ын даргыг заавал сонгуульд ялсан намын бүлгээс нэр дэвшүүлнэ гэсэн заалт Үндсэн хуульд байхгүй. УИХ-ын тухай хууль дээр зөвхөн олонх болсон намаас УИХ-ын даргыг нэр дэвшүүлнэ гэсэн заалтыг оруулчихсан. Тэгээд энэ хуулиа хэрэгжүүлнэ гээд баригдаад байх шиг байгаа юм. Тийм зүйл бол байхгүй. Тэгэхээр УИХ гэдэг сонгуульд ялалт байгуулж, олонх болсон намын явуулдаг улс төрийн тоглолтын талбар биш. Дарга бол тэнцвэржүүлэгч, зохицуулагч, чиглүүлэгч л хүн. Тийм учраас УИХ-ын тухай хууль дээрх энэ заалтыг би Үндсэн хуульд нийцээгүй заалт гэж үзэж байгаа. Ер нь агуулгаараа УИХ-ын даргыг улстөржсөн субьект болгох нь парламент тогтвортой ажиллахад хортой.

-Таныхаар бол уИХ-д суудалтай нам, эвслээс хэн ч гишүүдийн олонхын дэмжлэгийг авч чадвал ын даргаар ажиллаж болно гэж хэлэх гээд байна уу?

-Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу бол боломжтой. Гэвч процессын хуулиараа тэр эрхийг нь хязгаарласан байна. Тиймээс тэр хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх шаардлагатай л гэж үзэж байна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

ӨДРИЙН СОНИН