БХЯ: Батлан хамгаалахын сайд болон Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг төрийн хүндэт харуул жагсаж угтан авах ёстой байдаг
2 цагийн өмнө

Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас цэргийн ёслол, дэг журмын хэрэгжилттэй холбоотой асуудлаар мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид эх орныхоо халдашгүй дархан байдал, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах үндсэн үүргийн хүрээнд “Монгол Улсын цэргийн дүрэм”-ийг чанд мөрдөж ажилладгийг онцолжээ. Уг дүрэм нь төрийн тэргүүнээс соёрхон баталдаг бөгөөд батлан хамгаалах салбарын суурь баримт бичигт тооцогддог байна. Цэргийн нийтлэг дүрмийн Жагсаалын дүрмийн 34 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд болон Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг төрийн хүндэт харуул жагсаж угтан авах ёстой байдаг.

Энэ нь хууль, дүрмийн хүрээнд хэрэгждэг албан ёсны ёслолын ажиллагаа юм. Мөн улс орны өмнө тулгамдсан нийгэм, эдийн засгийн асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал танхимын гишүүдээ ажлаа яаралтай хүлээн авахыг үүрэг болгосныг дурдсан байна.
Иймд тогтоосон дүрэм, журмын дагуу зохион байгуулагдсан цэргийн ёслолын ажиллагааг буруу ташаа тайлбарлах, мушгин гуйвуулах замаар олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг Батлан хамгаалах яамнаас уриаллаа.







