Ч.Чинзориг: Хаврын тариалалтад нэг литр түлшийг 3400 төгрөгөөр олгож байна
2 цагийн өмнө

Хаврын тариалалт эхэлж буй энэ үед газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд нэг литр дизель түлшийг 3400 төгрөгөөр олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ талаар Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн Бизнес, үйл ажиллагааны хэлтсийн дарга Ч.Чинзоригоос тодрууллаа.
-Одоогийн байдлаар хэд орчим газар тариалан эрхлэгч хөнгөлөлттэй үнээр түлш авахаар гэрээ байгуулсан байна вэ?
-Олон улсын геополитикийн өрсөлдөөн ширүүсэж, бүс нутгийн хямрал, мөргөлдөөнтэй холбоотойгоор шатахууны үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах эрсдэл үүсч байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын гуравдугаар сарын 25-ны хуралдаанаар хаврын тариалалтад шаардлагатай шатахууны нөөц бүрдүүлэх, хангалтыг зохион байгуулах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэхийг АҮЭБЯ-ны сайд болон ХХААХҮЯ-ны сайд нарт үүрэг болгосон. Ийнхүү хоёр яам хамтарч ажиллаад, түлш нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд санал тавьж, уулзалт хийсэн. Үүний үндсэн дээр зөвхөн хаврын тариалалтын зориулалтаар 10 сая литр шатахууныг тухайн өдрийн ханшаар олгоно гэж тохирсон. Тэр ханш нь 3400 төгрөг байсан. Ингээд өнөөдрийн байдлаар 13 түлш импортлогч аж ахуйн нэгжтэй, дөрвөн сая 570 мянган литр түлшийг 3400 төгрөгөөр нийлүүлэхээр гэрээ байгуулах ажлыг Хөдөө аж ахуйн корпораци гардан зохион байгуулан ажиллаж байна. 10 сая литрээс 7 сая 50 мянган литр түлшийг нь 20 аж ахуйн нэгж нийлүүлэх боломжтой гэдгийг хэлсэн. Бусад аж ахуйн нэгж нь нөөцгүй болсон гэдгээ мэдэгдсэн. Үлдсэн гурван сая орчим түлшний гэрээг өнөөдөр (өчигдөр) хийж байна. Гэрээ хийгдсэн 4 сая 570 мянган литр түлшнээсээ Хөдөө аж ахуйн корпораци хаврын тариалалт болон уриншийн мэдээг үндэслэж, 1 га тутамд 10 литр түлш олгохоор норм тогтоосон. Үндсэн норм нь ийм байдаг. Энэ нормоор бэлэн төлөлтөөр дизель түлшийг олгоод ажиллаж байна. Өнөөдрийн хувьд 4 сая 570 орчим литр түлшний захиалга ирсэн байна.
-Төлбөрийн нөхцөл нь ямар байна вэ?
-Бэлэн төлөлтөө хийсэн аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрлийн хуудсын дагуу олгоод явж байгаа. Өнөөдрийн байдлаар бэлэн төлбөрөө төлж авсан нь 165 тариаланч, иргэн, ААН-д 1 сая 969 мянга орчим литр түлшний зөвшөөрлийн хуудас өгч, шатахуун нийлүүлэгчдээсээ татан авах ажиллагааг эхлүүлээд явж байна. Энэ жил хаврын тариалалт хийнэ гэж мэдээ өгсөн талбайд олгож байгаа. Тухайн ААН-ийн тариалалт хийх талбайгаас хамаарч түлшний хэмжээ хамаарна гэсэн үг.
-Энэ сарын хэдэн хүртэл хүсэлтээ хүлээж авах вэ?
-Хугацааны хувьд түлш импортлогч, нийлүүлэгчидтэйгээ дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл 3400 төгрөгийн үнээ барина гэж гэрээ байгуулсан. Энэ сарын 15-ны дотор манай тариаланчид татан авалтаа хийх ёстой. Түлшний захиалгаа Хөдөө аж ахуйн корпорац руу утсаар холбогдож өгнө.
Г.Буянхишиг: Тариаланчид бид хөнгөлөлттэй үнээр түлшээ авч, хаврын ажлаа эхлүүлэхэд бэлэн боллоо
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын "Аму булаг" ХХК-ийн тариаланч Г.Буянхишигтэй холбогдлоо.
-Хөнгөлөлттэй түлш олгох шийдвэрт танай аж ахуйн нэгж хамрагдаж чадсан уу. Энэхүү шийдвэрт ямар байр суурьтай байна вэ?
-Манайх өнгөрсөн долоо хоногт Хөдөө аж ахуйн корпораци руу хандаад хүсэлтээ өгсөн. Харин төлбөрөө 100 хувь төлөөд баталгаажуулах юм билээ. Тэгээд зөвшөөрлийн бичгээ ирж аваарай гэсэн. Төлбөрөө төлсөн бол колонк дээрээ очоод түлшээ авчих юм билээ. Тариалах талбайгаас хамаараад 1 га талбайд 10 литр түлш бодоод өгсөн. Манайх 750 га талбайдаа 3400 төгрөгөөр тооцоод 7500 литр түлш авсан. Энэ хаврын тариалалтын ажил өнөө маргаашгүй эхлэх гэж байна. Хөнгөлөлттэй үнээр түлшээ авч, хаврын ажлаа эхлүүлэхэд бэлэн боллоо. Манайх гэхэд өнөөдөр (өчигдөр) түлшээ аваад маргаашнаас ажилдаа гарах гээд байж байна. Энэ шийдвэрийг цаг үеэ олсон хэрэгтэй зүйл гэж харж байгаа. Мөн энэ жилийн хувьд цаг агаарын нөхцөл харьцангуй тогтвортой байвал тариалалтын ажлыг хугацаанд нь амжуулж, ургацын гарцад эерэг нөлөө үзүүлнэ гэж найдаж байна.
Шатахууныг тариланчдад хүртээмжтэй, бага үнээр нийлүүлж байгаа нь бидэнд хамгийн чухал дэмжлэг боллоо. Хаврын тариалалтын ид ачааллын үед шатахууны тасалдал үүсэхгүй байх нь хамгийн чухал байдаг. Цаашид ийм төрлийн дэмжлэгийг тогтмол хэрэгжүүлбэл газар тариалангийн салбарт үр ашгаа өгнө гэж бодож байна.
Г.БАЛГАР







Зочин · 1 цагийн өмнө
BOOBN XCN BOOW DOLOOJ80955877