Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс “Ажлын байрны бэлгийн дарамтыг” “Ажлын байрны найрсаг харилцаа” гэж тодорхойлов
2 цагийн өмнө

ШЕЗ-ийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Ханддулам "Өдрийн сонин"-д ярилцлага өгч шүгэл үлээсэн. Тэрбээр ярилцлагадаа ажлын байран дээрээ бэлгийн дарамтад өртсөн талаараа дурдсан. Тэгвэл ажлын байрны бэлгийн дарамт гэж юуг хэлдэг талаарх тодорхойлолтыг та бүхэнд харуулъя.
Ажлын байрны бэлгийн дарамт гэдгийг: Бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсвэл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж заажээ.
ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга гэдэг нөхөр ямар үйлдэл үзүүлдэг тухай шүгэл үлээгч эмэгтэй дараах зүйлийг ярьжээ Ажлын томилолтоор гадагшаа манайхан явахаар яригдах үеэс “Надтай ойр яваарай” гээд сануулж эхлэх болсон. Түүнчлэн биед хүрч, сануулах болсонд эвгүйцэж эхэлсэн. Сүүлдээ би энэ гадаад томилолтод явахаа хүртэл больдог юм бил үү гэж бодож эхэлсэн. Архи үнэртүүлчхээд өрөөний гаднаас чанга хашхирч дуудах, ажилтнуудын асуудлын өмнөөс дуудаж загнах үйлдэл байнга гарах болсон. Үүрэг даалгавар, мэдэгдэх хуудас, шийтгэл гээд олон юмны дараа хамт олноороо шинэ жилийн баяраа тэмдэглэж байхад тэврээд “Чи намайг хөгшин болохоор тоохгүй байгаа юм уу” гэж, бас “Надтай сөргөлдвөл эвгүй гэдгийг мэдэрсэн биз дээ” гэснийг дарамт гэж үзэхгүй байхын аргагүй. Манай төрийн байгууллагуудад энэ мэтээр ажилтнууддаа ханддаг хүмүүс байдаг. Үүнийгээ хэвийн харилцаа гэж ойлгодог байж болохгүй. Гэхдээ ийм байдал эмэгтэй хүмүүст ямар тавгүй байдал үүсгэдгийг хүмүүс тэр бүр ойлгохгүй байж магад. Хүсээгүй байхад ойртон дотносох, бэлгийн дарамтын утгатай үг хэлэх, шөнө оройгүй зурвас илгээх, хувийн орон зайд халдах, эрх мэдлээр далайлгах зэрэг үйлдэл нь ажлын орчныг айдастай, дарамттай болгож хувиргадаг... гэжээ. Ярьсан үг, дээрх тодорхойлолт хоёрыг зэрэгцүүлээд үзэхэд яаж ч бодсон энэ үйлдэл ажлын байрны бэлгийн дарамт юм гэж үзэхээр. Гэвч энэ бол бэлгийн дарамт биш байна гэж ХЭҮК үзсэн нь аймаар. Манай Хүний эрхийн эрхэм дарга нар үүнийг юу гэж үзсэнийг харцгаая. Энэ талаар шүгэл үлээгч:.. Би өөрийнхөө гомдлын хүрээнд шаардлагатай нотлох баримтууд, чатууд хавсаргаж өгсөн... Өргөдөл гомдол шийдэгдэхгүй гурван сар болж, бид өчнөөн хандаж байж хэрэг шалгалт эхлүүлсэн. Гэтэл асуудлын эзэн Б.Эрдэнэтулга даргын төрсөн ах нь ХЭҮК-т ажилладаг байсныг сүүлд мэдсэн л дээ. Энэ хэргийг хариуцаж авсан Хүний эрхийн комиссын гишүүн ажлын байрны бэлгийн дарамт гэж үзэхээр байгаа гэдэг талаар надтай уулзах үедээ хэлсэн ч уулзалтын төгсгөлд даргын чинь нэр хүнд яригдана гээд эвлэрүүлэх байр суурьтай хандаад байсны учир ч тэр болж таарсан.
Удалгүй дүгнэлт гарна гэж байсан хугацаандаа гараагүй, тэгээд шаардлага болж ирэхдээ ажлын бус шөнийн цагаар бичсэн чатыг найрсаг яриа өрнүүлсэн байна гэж дүгнэсэн байсан... гэжээ. За яах вэ ажил дээр ээ иймэрхүү маягаар маазардаг эрчүүдэд бол ёстой “аз-ны юм” гэж үзэхээр. Хүний эрхийн эрхэм дарга нарыг тэвэрч аваад үнсмээр. Гэвч дэлхий даяар дээрх үйлдлийг “Ажлын байрны бэлгийн дарамт” гэж үздэг. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс бол “Ажлын байрны найрсаг харилцаа” гэж үздэг аж. Харин та үүнийг уншаад юу гэж бодож байна.
Ө.ТӨР
ӨДРИЙН СОНИН







Зочин · 25 минутын өмнө
VANXANDI BIEE UNELELN VAWALDI80955877BOOB XXN BOOW DOLOOMR80955877