Шүүх хуралдаанд оролцох явцдаа зохисгүй үг хэлж, орхин гарсан өмгөөлөгчийг 100 мянган төгрөгөөр торгожээ
3 цагийн өмнө

Анхан шатны тойргийн шүүхийн тогтоолоор өмгөөлөгч С-г эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцох явцдаа зохисгүй үг хэллэг хэрэглэсэн, шүүх хуралдаан даргалагчийн дэг сахиулах шийдвэрт захирагдахгүй шүүх хуралдааны танхимыг орхин гарч явсан гэж Зөрчлийн тухай хуулийн 15.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар өмгөөлөгч С нь анхан шатны шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан, мөн “шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг нь хүлээн аваагүй” гэх үндэслэлээр шүүх хуралдааны явцад зохисгүй үг хэллэг хэрэглэн оролцсон байх бөгөөд шүүх хуралдаан даргалагчаас удаа дараа шүүх хуралдааны дэг сахиулж, арга хэмжээ авахыг сануулсаар байтал шүүх хуралдааны танхимыг дур мэдэн орхин гарч, цаашид хуралдаан үргэлжлэх боломжгүй байдалд хүргэсэн болох нь тогтоогдсон.
Давж заалдах шатны шүүх тухайн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хэлэлцээд анхан шатны тойргийн шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Тодруулбал, өмгөөлөгч шүүх хуралдааны аль ч үе шатанд хүсэлт гаргах эрхтэй боловч энэхүү эрхээ шударга бус зорилгоор ашиглах, шүүх хуралдааныг санаатай хойшлуулах, шүүх болон шүүх хуралдааны бусад оролцогчийг төөрөгдүүлэх, шүүх хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдахгүй хуралдааныг орхин гарсан зэрэг нь гадаад хэлбэрийн хувьд эрхээ хэрэгжүүлж буй боловч агуулгын хувьд шүүх хуралдааны үйл ажиллагааг тасалдуулах, удаашруулах хүсэл зорилгоор хийгдсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх






