Тавдугаар сарын 2-ны өдрөөс нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
2 цагийн өмнө

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж, төлбөрөө төлдөг. Тэгвэл 2026 оны тавдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлнө. Мөн дамжин суухын тулд автобуснаас буухдаа картаа дахиж дарах шаардлагагүй болно. Нэг төхөөрөмжтэй болсноор иргэдэд хялбар, ойлгомжтой байна.
"Улаанбаатар Смарт карт" ХХК-ийн бизнес хамтын ажиллагааны хэлтсийн дарга С.Гэрэлт-Од "Нийтийн тээврийн автобусны төлбөрийн картыг тавдугаар сарын 2-наас эхэлж, нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно. Энэ нь амар хялбар болж байгаа гэсэн үг. Шинэ систем дээр бүх төрлийн карт уншиж байгаа. Мөн UBcard төхөөрөмжид Umoney болон банкны карт, UBcard апп, QR уншина.
Автобуснаас буухдаа заавал картаа дардгийг больж байгаа. Автобусанд орохдоо чернилэн ягаан өнгөтэй буюу UBcard төхөөрөмж дээр картаа дараад явахад болно. Мөн UBcard аппликэйшнээр Umoney картыг цэнэглэдэг болж байгаа" гэлээ.
Зорчигч та дараах боломжуудаас өөртөө тохируулан ашиглаарай.
- UB card аппликейшн ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
- Та QR ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
- Та зориулалтын картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
- Та 100 байршилд байршуулсан киоскоос нэг удаагийн цаасан тасалбар авч төлбөрөө төлөх боломжтой бөгөөд тасалбар тухайн өдөр хүчинтэй,
- Та бүх банкны картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой юм.
Картаа хэрхэн цэнэглэх вэ?
- UB Card аппликейшнийг ашиглаж хуучин UMoney картаа цэнэглэх боломжтой.
- Toki, Monpay, SocialPay зэрэг аппликейшн ашиглан цэнэглэлт хийх боломжтой.
Зорчигч та бүхэн санал хүсэлт, мэдээллээ ажлын 08:00-17:30 цагийн хооронд 70151289 дугаарт өгнө үү.






